Шууд Chart

“Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт болов

2014-12-17 15:41:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн А.Амарын "Монголын товч түүх", Б.Ишдоржийн "Монгол Улсын хураангуй түүх", Б.Буянчуулганы "Манж, Монгол холбогдсон түүхт байдал", Н.Магсаржавын "Монгол Улсын шинэ түүх", Л.Дэндэвийн "Монголын товч түүх", Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх"-ийг багтаан хэвлэсэн “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлтийн ёслолд ШУА, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, зохиолч, нийтлэлчдийн төлөөлөл оролцов. Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлэв. Үүний дараа “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн танилцуулгыг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор н.Уртнасан хийв. Уг төслийн удирдагчаар академич Л.Болд, гүйцэтгэгчээр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэн ажиллаж байгаа юм. Төсөл 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 17 хүртэл хэрэгжих юм байна. Уг цахим толиос дэлхийн хаанаас ч, монгол хэл сурах, судлах сонирхолтой хэн ч кирил, монгол бичгээр хайлт хийж хүссэн үгийнхээ тайлбарыг авч болох юм. Мөн тухайн үгийн аудио бичлэгийг байрлуулах ажээ. Тухайн үгийн төрөл үг, сүүлд нэмэгдсэн үгийг ч хамтад нь олж үзэх боломж бүрдүүлсэн байна. Нутгийн аялгуугаар тухайн утгыг яаж илэрхийлдгийг мөн дагалдуулан оруулахаар шийдэж өгсөн байна.

“Монголын эх түүх" 6 боть номын танилцуулгыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт доктор, профессор О.Батсайхан хийлээ. Тэрбээр уг 6 боть дээр эрдэмтэн З.Лонжидын хамтаар ажилласнаа болон бүх ботид багтсан бүтээлүүдийг товч танилцуулсан юм.

Монгол үндэстэн өөрийн бүрэн түүхтэй болох онцгой шаардлагатай гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгойлон анхаарч, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр уг түүхэн ботиудыг бүтээсэн байна. Төрийн соёрхолт доктор, профессор О.Батсайхан хэлэхдээ “Уг 6 ботид багтсан номудыг танилцуулбал, 1920-иод оны эхээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэн байгуулж, улмаар бичгийн хүн Будын Ишдорж Монгол Улсын хураангуй түүх номыг туурвиж, 1924 онд хэвлүүлсэн бол мөн бичгийн хүн, Монгол Улсын Шүүх яамны тэргүүн сайдаар ажиллаж байсан Н.Магсаржав Монгол Улсын шинэ түүхийг 1927 онд бичсэн байна. Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг хашиж байсан, Монгол Улсын Бага хурлын дарга ба Ерөнхий сайдын албыг хоёронтоо хашсан, бичгийн их хүмүүн А.Амарын санаачилгаар Монголын бүрэн түүхийн таван дэвтэр номыг бүтээх ажил 1930-аад оны эхээр өрнөжээ.  Энэхүү Монголын бүрэн түүх зохиох их ажлыг Засгийн газрын 1933 оны шийдвэрээр БНМАУ-ыг тунхагласан хийгээд анхдугаар үндсэн хуулийг баталсны 10 жил, Ардын хувьсгалын 13 жилийн ойд зориулсан байна. Монголын түүхийн нэн эртнээс ХIII зуун, ХIV-ХХ зууны эхэн үеийг хамарсан эхний хоёр ботийг А.Амар, Богд хаант улсын үеийн нэгэн ботийг Л.Дэндэв, 1920-иод оны эхэн үеийн түүхийг хоёр ботиор Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нар бичих болжээ. Эл таван ботиос А.Амар Монголын түүхийн ХIV-ХХ зууны эхэн үеийг хамарсан Монголын түүхийн нэгэн ботийг бичиж амжаагүй буюу эсвэл бид олж чадаагүй байна. Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан цуврал таван дэвтэр зохиолын тэргүүн болон дөрөвдүгээр, тавдугаар дэвтэр 1934 онд хэвлэгдэн гарсан юм. 1989 онд профессор н.Очир А.Амарын “Монголын товч түүх” номыг монгол бичгээс кирил бичигт буулган хэвлүүлсэн бол 2006 онд профессор н.Цанжид, н.Чоймаа нар гурав дахь удаагаа хэвлүүлжээ. 2014 онд Н.Алтанхуяг, П.Улаанхүү нар кирил үсгээр мөн дахин хэвлүүлж байсан байна” гэлээ. Нээлтийн ёслолд оролцсон эрдэмтэн судлаачид “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төсөл нь Монголын эх түүх, эх хэл, соёлоо судлахад хүн бүхэнд үр өгөөжөө өгөх ач холбогдолтой ажлууд болсныг тэмдэглэн хэлцгээж байлаа.


“Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт болов   
Үзсэн: 2038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй