Түрүүч нь: (http://mnb.mn/i/3806)... Төгсгөл хэсэг нь...
Тэр нэгэн өглөө Золоогийн хувьд жирийн л нэгэн өглөө байлаа. Жирийн гэдэг нь уйтгар гуниггүй, өөдрөг гэсэн үг. Өглөө сэрэхэд цэлмэг өглөөний наран цонхоор тусан “Золушка инээмсэглээрэй” гэж түүнийг өхөөрдөж буй мэт сэтгэл төрөхөд Золоо эрхлэнгүй нүдээ нухлан эвшээчихээд зурагтын сурталчилгаагаар гардаг сайхан амарсан сайхан европ бүсгүй шиг их л ялдам инээмсэглэл нүүрэндээ тодруулан (түүнд тэгж санагдсан) хичээлдээ явахаар орноосоо өндийн, углаашаа углан, хөлөө чирэн угаалгын өрөө рүү хүзүүгээ эргүүлэн нойрмог алхан очоод толинд нүүрээ хальт харангуутаа өөрийнхөө хөөрхнийг өөрөө мэдэлгүй өхөөрдсөн билээ.
Тэрээр сүүлийн үед өнгө үзэмжиндээ их анхаардаг болсон нь хотын гудмаар хажуугаар өнгөрөх залуусын харц түүнд дээр тусч, бүр зарим нь эрээ цээргүй араас нь эргэн харах бөгөөд энэ нь эвгүй ч гэмээр, эвтэйхэн ч гэмээр сэтгэгдэл төрүүлж сайхан бүсгүйчүүд бүхэнд бий бардам зан, зөн совин Золоог улам өөртөө итгэлтэй болгож байгаатай холбоотой.
Хаврын өдрүүдэд түүнийг гадуур явахад хэчнээн залуус, эрчүүдийн харц түүн дээр тусдгыг ёстой хэлж мэдэхгүй. Биеэ барьсан нимгэн хувцас, богино банзал, өндөр өсгийтэй гутал өмсчихвөл бүр явуулахгүй. Заримдаа Золоод хотын бүх залуучууд ганцхан түүнийг л харахыг хүсэн явдаг замыг нь тоссон зогсдог мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ тэр ухаантай, даруухан охин болохоор үүнийг хэнд ч хэлээгүй. Үнэндээ бол Улаанбаатарын бүх залуус түүнийг харж, шүлэнгэтээд ч (найз охидынх нь үг) ч яах билээ?
Найз охидынх нь хэлдгээр бол шүлэнгэтсэн залуус нэг л юм хүсдэг. Тэд таалагдсан охидынхоо хойноос ороо нь орсон ноход шиг гүйж, хүслээ биелүүлсний дараа эргэж харах ч үгүй, залгахад утсаа авах ч үгүй хаячихдаг гэнэ лээ. Гэхдээ сайхан хувцаслаж гуалиг биеэ гайхуулах нь аз жаргал, итгэлтэй болгодгыг мэдэрсэн Золоо эмэгтэй хүний гоо сайхан эрчүүдийг сөхрүүлэх хүч гэдгийг сэнхэрч байгаа.
Эрэгтэй хүн бол эцэг хүн билээ. Айл гэрийн толгой. Тэр утгаараа тэрээр аавыгаа, ахыгаа, багш нараа хүндэлнэ. Харин гудамжинд эрээ цайгүй өөрийг нь хоргоох, хойноос нь улаан цайм дагах залуусыг хэрхэн үнэлэхийг тэр мэдэхгүй байгаа. Тэд сайн залуус ч байж магадгүй, муу залуус ч байж магадгүй. Эцсийн эцэст бүгд л ээжтэй, эгчтэй, эсвэл охин дүүтэй байж л таараа. Харин Золоо тэд сайн залуус уу, муу залуус уу гэж огт бодоогүй. Бодохыг ч хүсдэггүй. Юугаа ч бодох билээ. Хэрэв өөрийг нь хүндэлсэн бол гудамжинд ганц харчихаад уулзая, утасныхаа дугаарыг өгчих гэж гуйхгүй шүү дээ. Унтая гэж шууд гуйх нь холгүй байгаа залуус яавч олигтой залуус биш л байх. Соёлтой, боловсролтой, ухаантай залуус бол арай ингэж гудамжинд таарсан охинтойгоо хамаагүй ярихгүй. Золоогийн мөрөөдлийн ханхүү арай ч ийм байх ёсгүй. Золоо ингэж боддог.
Яагаад гэвэл Золоо саяхнаас өөрийнхөө мөрөөдлийн ханхүүг олоогүй гэж үнэмших болсон. Нэрийг нь хэлэхийг ч хүсэхээ больсон, өөрийг нь хаяад явсан нэгэн залууг Золоо огт мартсан. Тэр огт мартсан залуутай Золоо их сургуулийнхаа II байрны өмнөх автобусны зогсоол дээр анх таарсан ч бусдаас ялгаатай нь гэвэл: нэгдүгээрт, тэр хоёр хоёулаа санамсаргүй танилцсан; хоёрдугаарт, Золоо бараг өөрөө утасных нь дугаарыг эхэлж асуусан билээ. Чухам яагаад асуусан гэхээр…тэр залуугаас англи хэлээ хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авах гэсэн юм.
Халимаг үс нь салхинд хийссэн ч, англи-монгол хэлний жижиг толь бичиг бариад юуг ч анзаарахгүй, амандаа бувтнан үг цээжлэн автобус хүлээн зогссон тэр залууг Золоо анх хараад л мундаг залуу байна гэж санасан. Одоо заримдаа тэр учралыг бодохоор Золоо өөрөөсөө ичдэг л дээ. Магадгүй, дөнгөж их сургуульд орох бүх шалгалтаа амжилттай өгчихөөд, сэтгэл амарсан байсан болохоор тэгж илэн далангүй байсан байх.
Харин одоо бол тэр тухай Золоо дурсдаггүй. Зүгээр л мартсан. Ямар ч гомдол, үзэн ядалтгүй. Үнэнийг хэлэхэд өмнө нь тэр залууг санагдуулсан бүх юмыг үзэн яддаг байсан үе бий. Гэвч анх учирсан их сургуулийн II байрны өмнөх гудамжыг үзэн ядна гээд яах билээ. Огт боломжгүй шүү дээ. Өдөр болгон л тэр гудамжаар алхаж явах юм чинь. Өнгөрсөн намар бол үнэхээр хэцүү байсан. Харин одоо бол тэр залуу өөрийнх нь мөрөөдлийн ханхүү биш байсан гэдэг нь тодорхой болсон учир бүх зүйлийг үзэн ядаад ч хэрэггүй, зөвхөн түүнийг л огт мартах ёстой юм байна гэдгийг л Золоо ухаарсан билээ. Золоо ийм л ухаантай охин доо.
Түүнийг мартана гэдэг нь түүний хэлсэн үгийг л мартана гэсэн. Угаасаа эмэгтэй хүн чихээрээ дурладаг болохоор энэ бол хамгийн зөв шийдэл билээ. Дүр төрх, үнэр бол уулзахгүй удвал амархан мартагдана. Харин хамгийн удаан мартагддаггүй нь үг болохоор хэлсэн үгсийг нь л хурдан мартах ёстой.
Саяхан ганц сайн найз нь огт мартсан залуугийн хэлсэн онигоог өөрт нь тоглоом шоглоомоор хэлэхэд тэр ямар их уурласан гээч. Тэднийхээр бол “Гучин нас хүртлээ эмэгтэй хүн—ганцхан чи минь, ганцхан чи минь… Дөчин нас хүртлээ—нууцхан чи минь, нууцхан чи минь…Харин дөчин наснаас хойш бол—хэн ч яахав, хэн ч яахав” гэдэг гэнээ. Анх энэ балиар онигоог огт мартсан залуу хэлэхэд Золоо бүр ой гутаж:
—Чамайг ийм юм хэлнэ гэж ёстой санаагүй гэж билээ. Гэтэл нөгөөх нь буруугаа хүлээх нь битгий хэл өөдөөс нь марсайтал инээснийг яана. Дотроо үеэрхэж байгаа гэж бодож явсан залуу нь ийм юм ярина гэдэг...бүр хүлээн зөвшөөрөөд бодож явна гэдэг бол үнэхээр байж болшгүй. Үнэхээр өөрийг нь тэгж боддог байсан гэж үү.
Анх сонсоод гутраад өнгөрсөн ч, сүүлд нь бодоод байх нээ эмэгтэй хүнийг тэгж л үнэлдэг, өөдгүй залуу байж л дээ. Тийм биш бол хэл сураг ч үгүй, утсаар ярих ч үгүй орхиод Америк руу явах уу? Хэчнээн мөрөөдөж, уулзах хүсэлтэй хөдөөнөөс ирлээ. Бүр яаж охин биеэ өгөх талаар ч бодсон гээч. Одоо бодохоос ч ичмээр. Тэгээд унтраасан гар утас руу нь хэчнээн их залгалаа даа. Сүүлдээ бүр автомашины осолд ороод, эсвэл нөгөө яриад байдаг нууц цэргийн албаныхаа тагнуулын ажлаар гадаадад яваад алга болсон юм болов уу гэж бодсон гээч. Гэтэл арван жилийн найзтай нь гудамжинд санамсаргүй тааралдаад сонссон зүйл түүнийг үнэхээр цочроосон. Сэтгэлээр унагасан. Зөндөө их уйлуулсан. Найз нь:
—Манай Болдоо Америкт байдаг найз охин руугаа явсан. Чамд мэнд хүргээрэй гэж хэлсэн гэхэд нь Золоо золтой л уйлчихаагүй. “Америкт найз охин нь байдаг нь үнэн байх нь ээ. Бас мэнд хүргэж байна гэнээ. Ямар өөдгүй, муухай залуу вэ! Арай ч ийм залуу гэж бодоогүй” хэмээн Золоо тэрхэн зуур бодсон ч, найзынх нь хажууд биеэ барин, үл тоомсорлосон дүр эсгээд:
—Өө тийм үү? хэмээн өнгөрсөн билээ.
Үнэхээр өөдгүй залуус ийм байдаг байх. Найдаж явсан ганц залуу нь ийм байгаа юм чинь бусад нь ойлгомжтой шүү дээ. Хэрэв найз охинтой юм бол яахаараа Золоотой дотно болсон юм. Хэнийг хуурч байгаа юм бэ? Найз охиноо хуурдаг ямар муухай, хоёр нүүртэй залуу бэ?
Золоо бол хэзээ ч тэгж хоёр нүүр гаргаж чадахгүй. Түүнээс өөр залуутай тэгж дотно ч байж үзээгүй. Мэдээж ангийнхан нь, байрных нь гээд багаасаа найзалсан олон эрэгтэй хүүхдүүд байдаг л даа, гэхдээ л...тэдэнтэй Болдоотой үеэрхдэг шигээ үеэрхээгүй.
Бүр өглөө болгон түүнийг орцных нь үүднээс тосч аваад их сургуульд нь хүргэж өгчихөөд, өдөр хичээл тарахад нь албатай мэт хүлээгээд зогсдог байсан гээч... Тэгээд бас ичихгүй гараас нь хөтлөөд гудамжаар алхана гээч.
Ангийнхан нь, байрных нь бүгдээрээ л түүнийг Золоогийн үеэрхдэг залуу гэж боддог байсан. Тэр бүү хэл гэрт нь орж ирчихээд аав ээж, ах эгчтэй нь танилцсан гээч...бүр сүүлдээ Золоог байхгүй үед гэрт нь ороод, хоол унд идээд сууж байдаг болсон гээч...бүр хэзээ язааны юм шиг.
Гэтэл Золоо ичээд тэднийд олон очоогүй. Болдоогийн охин дүүтэй танилцаж хоёр удаа тэр гурав хамтдаа кино үзсэн ч сүүлд түүнийг алга болоход шууд дүүгээс нь асууж зүрхлээгүй. Утасдаж ах чинь хаачсан бэ? гэж асуугаагүй нь ч болсон юм. Ах нь Америкт найз охинтойг мэддэг л байсан байж таараа. Харин Золоод хэлээгүйг бодоход муу л охин байгаа биз дээ. Ерөөсөө ахтайгаа л адилхан хоёр нүүртэй охин гэдэг нь ойлгомжтой.
Нэг салхитай хүйтэн намрын орой, байшингийнх нь гадаа очоод гэрэлтэй цонхных нь доор хэчнээн удаан өнгийн харч зогслоо... Гэхдээ одоо энэ бүх уйтгартай түүхийг Золоо огт мартсан. Түүнд тэгж сэтгэлээр унах цаг зав ч байхгүй.
Харин өнөөдөр өглөө шүршүүрт орж, бүрэн сэргэчихээд, өөрийн бие хаагаараа бахархдаг хөөрхөн охидын нэгэн адилаар ганц ч соривгүй булбарай арьс, сэртийсэн том хөх, төвийсөн өгзөгөө анзааран нуруугаа хотойлгон тос түрхэх үед шинэхэн худалдаж авсан богино даашинз, ягаан даавуун цамцаа өмсөнө гэж тэр бодож байлаа.
Орой ангийнх нь найз охины төрсөн өдрийн баяртай. Бас тэр анхны болзоотой. Дээд курст сурдаг оюунтны зөвлөлийн дарга анх Золоотой танилцая гээд ангийнх нь охидоос утасны дугаарыг нь асуухад Золоо битгий өг гэсэн билээ. Харин нэгдүгээр курст сурдаг дүү охин нь сагсан бөмбөгийн тэмцээний үеэр:
—Манай ах таныг байнга надад ярьдаг. Та үнэхээр гоё эгч юмаа гэж хэлэхэд нь Золушка (дотны хүмүүс нь тэгж дууддаг) өөрийн эрхгүй дотроо баярлаж дүүтэй нь утасны дугаараа солилцсон боловч танихгүй дугаараас залгахаар нь түүнээс хойш бараг авахаа байсан билээ. Оюунтны зөвлөлийн дарга залгавал чухам яаж ярихаа Золоо мэдэхгүй л байгаа юм.
Оюутны зөвлөлийн даргад охидууд их ам сайтай байдаг. Их сүрхий, ухаантай, гоё залуу гээд л найз охидууд нь ярих үед Золоо ч гэсэн ам нийлээд ярьж л байсан. Гэхдээ энэ нь Золоог сонирхдог гэж олон нийтэд зарлахаас өмнө л дөө. Харин одоо бол Золоо дуугүй жуумалзаад өнгөрдөг болсон.
Дээд курсын залуучууд Оюунаагийн төрсөн өдрийн баярт ирнэ гэдгийг ангийнх нь охидууд хоорондоо ярилцан хөхрөлдөж байхад үүнийг аль хэдийн мэдснээ Золоо тэдэнд хэлээгүй. Өмнөх өдөр нь түүнд танихгүй дугаараас “Та нар Оюунаагийн төрсөн өдрийг хаана тэмдэглэх юм бэ. Манай ангийнхан би бас уригдсан. Чи очно биз дээ” гэсэн мессэж ирэхэд тэр хариулаагүй ч хэн илгээснийг нь таагаад дугаарыг нь Оюутны зөвлөл гэж тэмдэглэж авсан билээ.
Ер нь Золоо хичээлдээ сайн охин. Тэрээр сонгосон мэргэжилдээ дуртай учраас хичээлдээ ч дуртай, сайн хийдэг, сайн ч ойлгодог. Үнэндээ бол, эдийн засгийн чиглэлээр сурдаг МУИС-ийн олон гоё охидуудаас сурлагаараа ч, бие хаа, хөөрхөн дүр төрхөөрөө ч ялгарна гэдэг олон охидын мөрөөдөл биш гэж үү. Тиймээс ч Золоо улам л шамдан суралцана гэж бодож байсан. Харин тэр өдрөөс хойш бодол нь өөрчлөгдөж МУИС-иас чөлөө аваад, Англид үргэлжлүүлэн сурах болно гэдгээ төсөөлөөгүй явсан.
2005 оны 5 дугаар сарын 23-ны 12 цагийн алдад хичээлийн завсарлагааны үеэр түүн рүү нэгэн залуу залгаж, МУИС-ийн II байрны замын урд байдаг автобусны зогсоол дээр хүрээд ирэхгүй юу? Өөрт чинь амтат бялуу бэлэглэх гэсэн юм гэхэд Золоо эхэндээ хэн нэг нь тоглоом хийж байна гэж санаад итгээгүй билээ. Харин Монголд нэртэй амтат бялуу хийдэг нэгэн компанийн суурин утаснаас түүн рүү дахин залган түүнийг МУИС-ийн автобусны зогсоол дээр амтат бялуу өгөхөөр хүн хүлээж байгаа, очоод ямар учиртайг нь мэдээрэй гэж эмэгтэй хүн ярихад Золоо найз охинтойгоо ямар учиртайг нь тааж ядан хоёулаа хөхрөлдсөөр очсон билээ.
Хэн түүнд амтат бялуу бэлэглэснийг Золоо үнэхээр тааж чадаагүй, асуусан боловч хэн бэлэглэж байгааг нь очиж авсны дараа хэлнэ гэж тэр хүмүүс хариулаад, түүнийг очихийг гуйсан юм.
Уг нь тэр автобусны зогсоол дээр Золоо огт мартсан залуутайгаа анх танилцсан түүхтэй. Тэгэхэд огт мартсан залуу хамаг анхаарлаа төвлөрүүлэн жижигхэн англи-монгол толь бичгээс үг цээжлээд зогсож байв. Хожим нь Золоо, энэ тухай түүнд өөрт нь ярьж өчнөөн дооглож, элгээ хөштөл инээдэгсэн. Гэтэл тэр залуу Америк явсан болохоор Золоо түүний тухай тэр үед огт бодоогүй.
Золоог хэлсэн газар нь очиход амтат бялуу зөөдөг залуу нэг гартаа амтат бялуу, нөгөө гартаа англи сувениртэй тор бариад зогсож байв. Тэгээд түүнийг найз охинтойгоо хөхрөлдөн, нэг нэгнээ харан итгэж ядан зогсоход, хэн нь Золоо болохыг асуугаад гартаа барьсан зүйлсээ түүнд гардуулчихав. Хэн өгснийг түүнээс лавлахад:
—Жаахан хүлээж бай. Одоо утасдана гээд утас дуугарахыг хүлээн хоёр, гурав минут зогссоноо утас нь дуугарахад Золоод дамжуултал түүнийг үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг л болсон:
—Байна уу, Золоо юу? гэх огт мартагдсан залуугийн зэвүүн атлаа дотно, огт мартаж чадахгүй байсан дуу сонсогдоход Золоо үнэхээр балмагтаж, инээж хөхөрч байсан хүн чинь, царай нь гэнэт барайгаад, золтой л хүний утас унагачихаагүй.
Тэрээр найз охин, илгээмж авчирсан залуугийн хажууд бие барьж чадсаан... Үг биш авиа унаган хариулан байж зүүд үү, бодит амьдрал уу гэдгийг ялгахтайгаа болсны дараа чухам хаанаас, юу болоод гэв гэнэт утасдсаныг л лавлан асуусан билээ.
Болдоо Америк биш, Англи явсан юм байна. Найз охин руугаа яваагүй, зүгээр л англи хэлний сургуульд сурахаар явжээ. Тэгээд Золоо руу залгах гээд санаа нь зовоод утсаар ярьж чадаагүй юм байна. Хэд хэдэн удаа залгах гэж оролдсон гэнэ. Сүүлийн үед дугаар нь харагдахгүй ганц хоёр дуудлага ирсэн нь тийм учиртай байж. Харин Англид амтат бялуу илгээдэг үйлчилгээ саяхнаас бий болохоор нь Болдоо зориглоод түүнд бялуу илгээсэн нь энэ ажээ. Золоо эхэндээ хүйтэн хөндийн ярилцаж байснаа, өөрийн эрхгүй уясан “Овоо ш дээ, хөөрхий минь намайг бас боддог л байсан юм байна. Гэхдээ тэнэг юм шиг залгахгүй яасан удав аа” гэж баярлаж гомдож тунирхсан бодол төрөхөд зөөлрөн, Болдоотой өчигдөрхөн салсан мэт хүний гар утсыг халтал удаан ярилцсан билээ.
Утсаар ярьсны дараа Золоо Лондонгийн Хайд паркийн цөөрөмд хөвж буй хос хунтай “Золоо найз нь чамайгаа маш их санаж байна. Хоёулаа удахгүй Лондонгийн тэнгэр доор энэ модон сандал дээр суух болно” гэсэн бичигтэй ил захидлыг найзтайгаа хамт уншиж тачигнатал инээсэн түүхтэй. Тэхэд Золоо амьдралдаа ийм их аз жаргалтай байснаас ч санахгүй байсан билээ.
Тэр орой Оюунаагийн төрсөн өдрийг Золоогийн найзууд нижгэр тэмдэглэсэн дээ. Золоо өглөө ахаасаа авсан 30 мянган төгрөгнөөсөө 10 мянгыг өгч найзуудтайгаа нийлээд Оюунаад бэлэг авч өгснөөс гадна Англиас ирсэн амтат бялууг ирсэн бүгдтэй нь хамт идсэн. Бүгд л Золоогийн найз залуугийн илгээсэн амтат бялуу амттай байна гэж магтсан. Оюунаа бүр их баярласан. Түүнтэй танилцахыг хүсдэг Оюутны зөвлөл ч бас амтархан идсэн. Золоо мөрөөдлийн залуугаа сэтгэлдээ төсөөлөн night club-д шөнөжингөө галзуу бүжиглэсэн дээ.
Ийнхүү Болд маань Туяа эгчийн амтат бялууны буянаар Золоогийнхоо сэтгэлийг дахин татаж чадсан бөгөөд зөвхөн сэтгэлийг нь ч биш бас биеийг нь ч Лондон руу тун удалгүй татаж өнөөдөр тэд хамтдаа Англид сурч, ажиллаж, амьдарч байна.
*
2006 оны 4 дүгээр сарын 26. Золушка Лондон хотын нэгэн дүүрэг Вест Кэнсигтонд байрлах Mongol Centre-ээс английн монголчуудын гаргадаг Mongol News сонинг авч 28 гэсэн дугаартай даабл дээкийн дээд давхарт суун Лондонгийн зохиолч гэж өөрийгөө өргөмжилсөн Ээбээгийн эвгүй сэрэлтэй шүлгүүдийг жуумалзан уншина:
Миний амраг одоо гэсэн харцтай
Миний цусыг ууя гэсэн тачаалтай
Оргүй намайг замхруулах увидастай
Орчлонд ганцхан энд гэсэн хаягтай.
Үзээд сохор гэсэн биетэй
Үнсээд мажий гэсэн уруултай
Илээд аахил гэсэн арьстай
Шиншлээд мансуур гэсэн үнэртэй... гэнээ.
Бас болоогүй найз бүсгүйгээ:
Бачуурахад амьсгалах—тал,
Базахад баригдахгүй—зэрэглээ,
Учраад л наалдах—цавуу
Амсаад л даврах—дарс...гэчихжээ.
Хэхэхэ... Хэрэв Болдоо намайг ингэж бичсэн бол гоё ч юм уу? Үгүй ээ, балай юмаа... Үсэнд нь өөрийгөө гээдэг гэнээ... Хэхэ... Ямар балиар залуу вэ? Ээбээ гэдэг чинь. Харахад тийм сексий залуу биш л юм байна лээ ш дээ...
Тэрбээр ийнхүү бодол автан эвгүй болчихсон автобусанд сууж явтал гэнэт гар утас нь дуугарч, дугаарыг нь хартал ээж нь байлаа. Монголоос залгасны шалтгаан нь эгч нь хүү төрүүлсэн сайхан мэдээ байв.
Золоо газар дээр ганц эгчтэй бөгөөд Зулаа эгч нь Золоог Англи явахаас өмнө жирэмсэлсэн юм. Эгч нь аягүй азтай Монголдоо алдартай, баян улстөрчийн ганц хүүтэй суун, 3 өрөө байр, 30 саяын машинтай болчихсон болохоор ажил хийхгүй хүүхэд гаргаад байхад ч алзахгүй сайхан амьдарна.
Ухаангүй хайртай эгчийгээ 3 кг 800 грамм хүүтэй болсныг дуулаад Золоо маш их баярлаж, ажиллаж байсан Болдоо руу залган баяраа хуваалцахын дашрамд эгчдээ юу бэлэглэх талаар бас ярилцав. Болд Золоод:
—Баян эгчтэй гээд баячуудын дэлгүүр Харродсоос бэлэг авч өгөлтэй биш. Тэгээд ч хамгийн хурдан гэхэд агаарын каркогоор 7 хоногийн дараа очно. Тиймээс миний хайрт, Туяа эгч рүү залгаад торт явуулчих, танай эгч чинь маш дуртай шүү дээ. Тэднийх бас Лондонгийн зурагтай ил захидал, бэлэг дурсгалын зүйл өгнө шүү дээ. Миний хайрт найзынхаа үгэнд ороорой гэж зөвлөв.
Золоо ч хэлснийг нь зөвшөөрч Туяа эгч рүү утасдав. Мөн Харродсоос эгчдээ жижигхэн бэлэг аван Mongol Centre-ээр нууцаар явуулахаа ч мартсангүй.
Төгсөв
2006. 05.
2013.06.
Х.Эрдэмбилэг
(Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нийтлэв.)
| Амтат бялууны амтыг үгээр хэрхэн дүрслэх вэ? №03 | ||
| Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.