Шууд Chart

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэв

2015-01-21 15:26:09

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөрийн яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн шинж чанартай, ажиллагсдын нийгмийн баталгааг түлхүү тусгасан. Харин аж ахуйн нэгж, албан байгууллага, албан бус секторт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байсаар байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээ хязгаарлагдмал, хөдөлмөрийн харилцааг явцуу утгаар буюу хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна” гэв. Мөн тэрээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашиг, сонирхлыг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход хэлэлцүүлэгт оролцогчдын санал нэн чухал гэдгийг нэмж хэлсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцуулсан. Одоогийн мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталжээ. Үүнээс хойш 14 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байгаагаас үүдэн уг хуулийг эргэн харж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, өөрийн орны онцлог нөхцөл байдлыг харьцуулан өөрчлөх шаардлага тулгарсан байна. Тиймээс Хөдөлмөрийн яам, нийгмийн түншүүд болох Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжлийн хуульчид, сонирхогч талуудын оролцоо, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын техникийн туслалцаатайгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Нийт 13 бүлэг, 128 зүйлтэй уг хуулийн төсөлд хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, норм, ажил амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны зохицуулалтыг тусгасан. Мөн хөдөлмөрийн дотоод журам, сахилга, эд хөрөнгийн хариуцлага, удирдлага, хяналттай холбоотой зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага зэргийг тусгасан болохыг дэлгэрэнгүй танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зүгээс уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултаа асууж, холбогдох саналуудыг гаргаж байв. Эдгээр саналыг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах боломжтойн дээр зарим асуудлыг оновчтой томьёоллоор нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэдгийг хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг илэрхийллээ.
 

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэв   
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй