Шууд Chart

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь хууль бус гэв

2015-01-30 12:00:03

НИТХ-ын Монгол Ардын намын бүлэг хуучнаар Сүхбаатарын талбайг өөрчилж Чингисийн талбай нэртэй болгосныг эсэргүүцэж, хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийсэн юм. 

НИТХ-ын МАН-ын бүлэг “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20-дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ өчигдөр хэллээ. Тэргүүлэгчдийн хурлаас батласан уг тогтоол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д“ гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох...” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааруулж хуульчилсан байдаг хэдий ч Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын шийдвэрээр хуульчлагдан нэрлэгдсэн нэрийг өөрчлөх эрхийг олгоогүй гэж НИТХ-ын МАН-ын бүлэг үзэж байгаа аж.

Хоёр он дамнан иргэд, хотын удирдлагуудын дунд маргаан үүсгэж байгаа энэ шийдвэрийг МАН эсэргүүцэж өнгөрөгч 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 05/50 дугаар албан шаардлагыг Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудал хуулийн дагуу шийдэгдээгүй бөгөөд энэ шийдвэр ардын хувьсгалыг үгүйсгээд зогсохгүй бодит түүхийг баллуурдах гэсэн явуургүй арга гэсэн байр суурийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа гэдгийг өчигдөр намын бүлгийн удирдлагууд мэдэгдсэн юм. Мөн Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ардчилал шинэчлэлийг тууштай баримтлагч нэрээр түүхэнд мөнхөрсөн Д.Сүхбаатарын ач, гуч өвөг эцгийнхээ нэр хүндийг сэргээж, төв талбайн нэршлийг хэвээр үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж , шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.
 
Үүнээс гадна НИТХ-ын дарга Д.Баттулга энэ удаад хууль зөрчин батласан тогтоолоо цуцалж, асуудалд улс төрч өнцгөөс бус хуулиа ягштал даган мөрдөх учиртай Нийслэлийн хурал даргалагчийн байр сууринаас хандана гэдэгт итгэж байгаа талаарааД.Сүхбаатар жанжны ар гэрийнхэн хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь хууль бус гэв  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй