Шууд Chart

УИХ-ын дарга Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав

2015-01-31 17:33:52

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.31/ нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

УИХ-ын дарга эхлээд тус сургуулийн хотхон дахь оюутны дотуур байртай танилцлаа. Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль 2013 онд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын санаачилгаар байгуулагдсан төрийн өмчийн их сургууль юм. Налайх дүүрэгт байрладаг Монголын анхны их сургуулийн хотхонд орчин үеийн  лаборатори, анги танхимууд, орчин үеийн номын сан, компьютерийн лаборатори ба үнэгүй Wi-Fi, фитнес өрөөтэй танилцлаа.

Үүний дараа Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Н,Дорждэрэм сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн. Тус сургууль 2013 оноос оюутнуудаа элсүүлэн, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд нийт 66 оюутан суралцаж байгаа юм байна. Одоогоор инженерийн бэлтгэл хөтөлбөр, уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженерээр бакалаврын сургалт явуулж байна. Дэлхийн жишигт нийцсэн инженерийн боловсролыг Монголдоо эзэмшүүлэх уриатай тус сургуулийн бүх сургалт англи хэл дээр явагддаг бөгөөд англи, герман, монголын эрдэмтэн багш нар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн нарийн мэргэжлийн хичээл заалгахаар хамтын ажиллагаатай Германы их сургуулиудаас профессор, багш нарыг урьж ажиллуулдаг гэв.

Тус сургуультай Оюутолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Англо-Америка, МАК болон MSM зэрэг аж үйлдвэрийн хамтрагчид амжилттай сурч буй оюутнуудад тэтгэлэг олгодог. Одоогоор тус сургуулийн нийт оюутнуудын 30 орчим хувь нь энэхүү тэтгэлгийг авч байгаа бөгөөд цаашид тоог нэмэгдүүлэх боломж өргөн байгааг танилцуулав. Цаашид аж үйлдвэр ба нийгмийн хэрэгцээнд үндэслэн, Азийн бүс нутаг дахь “хэрэглээний судалгаа”-ны тэргүүлэх хүрээлэн болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Танилцуулгын дараа УИХ-ын дарга З.Энхболд тус сургуулийн багш оюутнуудтай уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Оюутнуудын хувьд, гадаад улс оронд эзэмших бакалаврын зэргийг эх орондоо эзэмших боломжтой болсон төдийгүй өөрсдийн санаачилгаар оюутны зөвлөл байгуулан “Morning club” буюу эртэч бүтээлч оюутны клуб, “English day” буюу долоо хоног бүрийн нэг өдрийг англи хэлний өдөр болгосноо уулзалтын үеэр хэлж байв. Харин багш нарын хувьд, цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу байгуулагдсан анхны сургуулийн хувьд  хууль эрх зүйн орчны хувьд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Иймээс цаашид Улсын Их Хуралд өргөн баригдсан  “Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хууль”-ийн төсөлд санал бодлоо тусгах хэрэгтэйг хэлэв.  Мөн “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгасны дагуу Азийн шилдэг сургуулийн тоонд Монголоос орох дөрвөн сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаагаа онцлов.

УИХ-ын даргыг Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллах үеэр   УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Он бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманн болон албаны бусад хүмүүс байлцав.




















УИХ-ын дарга Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав   
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй