
Эдийн тэнгэр гутаалаа гэж ярьдаг сан. Эдэлж яваа нөхрийг нь хэлж байна л даа. Доожоогүй нунж эр, эсвэл эм үүний цаана дүрслэгдэж байна. Эзний тэнгэр өршөө гэж бас ярьдаг. Энэ нь хүсэн гүйх ерөөл болой. Цөвүүн цагийн эхэнд цөлхөөв үнэд ороод гэж эртний үг бий...Энэ бүхнийг дурдан улиглах нь чухамдаа ханш гэдэг үгийг жаахан төнхмөөр санагдаад. Эдийн засгийн хэлээр нь тодорхойлохдоо энэ үгийг тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлнэ хэмээчихүй. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн улсын валютын үнэ цэнийг харуулсан үзүүлэлт юм л даа. Валютын ханш нь шууд болон шууд бус гэж хоёр хуваагддаг гэж байгаа. Шууд ханшийн үед тухайн улсын валютын нэг нэгжийг өөр улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулна. Ойрын жишээ татвал 2015 оны 2сарын эхний өдөр Монгол төгрөгтэй харьцах нэг ам.доллар = 1945 төгрөг/ болжээ.
Энэ хэлбэр хамгийн нийтлэг хэрэглэгддэг хэлбэр. Харин шууд бус ханшийн үед өөр улсын валютын нэг нэгжийг тухайн улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулдаг байна. Тухайлвал, АНУ-ын хувьд 1 евро = 1.3380 ам.доллар гэхчлэн... Энэ хэлбэрийг евро, фунт стерлинг, австрали доллар гэх мэтийн цөөн тооны валют дээр хэрэглэдэг. Монгол Улсын хувьд шууд бус валютын ханшийг ашигладаг гэнэ. За эдийн засагч биш болохоор энэ талаар миний мэдлэг хүрэхгүй нь мэдээж. Чингис хаантай мөнгөө тэмтэрч үзье. Энэ бол миний хүүхэд ахуйд сураггүй байсан. Сүх жанжинтай нүнжиг, сүр хоёр нь гар, сэтгэл хүндрүүлсэн том "хөх халзан" зуутыг мэдэх юм. Энэ зуун төгрөг мөн ч ханштай эд байжээ. Одоогийнхтой харьцуулвал сонин ханшийн зөрөө гарна. ойрхон жишээ татъя л даа. Хорин хэдэн жилийн өмнө нэг кг гурил 1 төгрөг байсан. Өнөөдөр 700-900 төгрөг байна. Ингээд харвал тэр үеийн мөнгөний ханш 700-900 дахин унасан байна даа. Тэр үед Баянгол зочид буудлын ард байдаг валютын дэлгүүрт нэг доллар дөрвөн төгрөг хэдэн мөнгөний ханштай байлаа. Таван доллар энгийн монгол хүн гаргаад ирвэл хирдхийн цочиж эргэлзэхэд хүрдэг байлаа... Цаг үе ард үлджээ.
Амьдрал гэдэг энэ үед ханшин дээр биш, зүтгэл итгэл дээр байлаа. Сэтгэлийн ханш хамгийн их хүчтэй нь байсан. Хүмүүс аливаа зүйлд үнэн сэтгэлээрээ ханддаг байлаа. Үүнийг давах ханш байсангүй. Тэр үед итгэл гэж нэг юм байлаа. Энэ л нийгмийн харилцааг зохицуулж байсан. Манай жаазанд "овилгац" л гэж тэр үед хэлдэг байсан. Нэг үндэсний гоё хээтэй сугалаа байх. Одоогоор бол бонд монголчлоод хэлвэл удаан жилийн тохиролтой сугалаа гэдэг байсан. Мартсан хойно мал мэнд үү гэдэг шиг хэзээ нэгэн цагт өнөө сугалаа нь хожил таарч эзнээ баярлуулдаг байсан. Яваа яваандаа гарсан бүх сугалаа эзнээ баярлуулах тийм шийдэлтэй байсан. Энэ бол харилцан итгэлцэл дээр суурилсан бонд байлаа. Мунхаг би ингэж л ухаарсан. Бонд тэр үед ямар нэр хүндтэй байсан нь айл бүхэн зургийн жаазандаа хийгээд залчихсан байдагт л байлаа. Одоо тэр итгэл алдарч, эдийн засгийн ямар нэг үйлдэл хийхэд заавал хар санаа өвөрлөж, хардаж сэрдэж энэ ч юу болдоо гэх эргэлзээн дунд үйл явдал өрнөж байна. Нэг нь ухуулаад байдаг. Нөгөөх нь эргэлзээд байдаг. Түүнийгээ нэг хэсэг нь "Тархийг нь сайн угаа" гэх жаргон/гудамжны үг хэллэг/ болгоно. Төрөөр далайлгаж жирийн ард түмний тархийг угаасаар байгаад хүчээр бий болгоно. Ингэж яван явсаар хөөрхий муу хэдэн төгрөг маань харийн мөнгөний хөлд гишгэгдэж юу ч биш болон тийчлэхийг л ханш гэдэг хашлаганд хийгээд бухимдуулж байна.
Одоо өр, өрийн бичиг, өрийн тааз гэхчлэн ярих болж, авсан бонд нь эргээд залгиж эхэллээ. Ядаж байхад хүчгүй төгрөгийг минь хүчтэй доллар зажлахгүй залгисаар байгаа нь даанч хэцүү. Энэ зовлонг л ханш гэдэг үгээр илэрхийлж эхэллээ.Удахгүй хэд хоногийн цаана ам.долларын ханш элбэгхэн2000 болоод ихэмсэглэх магадлал ойрхон байна. Ханш гэдэгт бас ханш нээх гэдэг энэрэнгүй утга бий шүү... Ханш нээх ойртож л байна. Удахгүй цагаан ногоон сар нь болно. Өнөө өссөн ханш жаахан буурна. Урь унаад ирэхийн үес ханш нээнэ. Ханш нээх гэдэг маань ичигсэд хөдлөх гэсэн утгатай үг. Жил бүрийн хаврын ханш нээх өдөр Зүүн өмнөд Азийн ихэнх орнууд нэг ижил үйл хийдэг байх юм. Энэ өдөр нас барагсдаа санан дурсдаг. Бас цагаан хоол иддэг. Ер нь бол буяны өдөр л дөө. Бурхан болоочийнхоо газар дээр очих нь Хятадын ард түмний өв соёлтой холбоотой. Хятадууд сүнсний боловсрол, сүнстэй харьцах харьцаагаараа маш өндөр түвшинд хүрсэн. Тийм ч учраас тэд энэ өдөр бурхан болоочийгоо хүндэтгэж ёслол үйлддэг. Ханш гэдэгт ийм нэг утга оршвой... Энэ янзаараа байгаад байвал Монгол төгрөгийн ханш нээх өдөр нэг мэдэхэд л ирэхэд ойрхон л санагдаад байна. Төр түрийвчээ ариулахгүй бол горьгүй нь гэдгийг эгэл жирийн сэтгүүлч бисануулж байна даа. ХАНШАА гэж...
Ханш... | ||
Үзсэн: 2817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.