Шууд Chart

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Египтийн эрх баригчдыг уриаллаа

2013-08-19 14:45:07

Египетийн улс төрийн удирдагчид улс орныг нь хамарсан хүчирхийллийг таслан зогсоох “итгэл хүлээсэн” төлөвлөгөө боловсруулж батлах хэрэгтэй гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Тэрбээр Египетэд сүм хийд, эмнэлэг болон бусад олон нийтийн байгууллагууд руу халдаж байгааг эрс зэмлэн буруушаалаа. Ноён Бан Ги Мун Египетийн эрх баригчид болон улс төрийн удирдагчдад хандаж, хүчирхийллийг тогтоон барих итгэл хүлээсэн төлөвлөгөө баталж, талуудын хооронд харилцан ярилцах үйл явцыг сэргээхийг уриалж, цаг хугацаа шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Сүүлийн өдрүүдэд аюулаас хамгаалах хүчин болон сэнтийгээсээ түлхэгдэн унасан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амь үрэгдсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долоо хоногт онц яаралтай хуралдаан хийж, Египетийн байдлыг хэлэлцсэн. Аюулгүйн зөвлөлийн гишүүд сөргөлдөгч талуудад, аливаад уужуу тайвнаар хандаж, хүчирхийллийг шатлан өргөжүүлэхгүй байхыг уриалсан. Энэ долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жеффри Фельтман Каирт ирэхийг хүлээж байна. Тэрбээр эрх баригч болон сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзаж, Нью-Йоркт эргэж ирсэнийхээ дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад Египетийн байдлын талаар дэлгэрэнгүй илтгэнэ. Мэдээж хэрэг энэ бүгдийн дараа НҮБ Арабын бүгд найрамдах Египет улсын байдлыг тогтворжуулахад ямар нэг алхам хийх шийдвэр гаргах юм.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Египтийн эрх баригчдыг уриаллаа   
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй