Шууд Chart

Монгол-Японы парламент хоорондын харилцааны түүхэн товчоо

2015-02-23 12:48:12

Монгол, Япон улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш буюу 1974 оноос Монгол-Японы парламент хоорондын харилцааны үндэс суурь тавигдаж хамтын ажиллагаа өргөжин хөгжиж иржээ.

Монголын талаас хийсэн айлчлалууд:

  • 1991 оны хоёрдугаар сарын 25-наас гжравдугаар сарын 2-ны өдрүүдэд Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Е.Цучиягийн урилгаар УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчлав. Төлөөлөгчид Зөвлөхүүдийн танхимын дарга Е.Цучия, Төлөөлөгчдийн танхимын дарга Е.Сакураучи нарт бараалхсан байна. Уулзалтуудын үеэр Б.Чимид манай улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцаж, парламентын төлөөлөгчид, ажилтнуудыг харилцан солилцох, мэдээлэл солилцох талаар яриа хэлцэл хийж тохиролцсон байна.

  • 1994 оны аравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд УИХ-ын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын даргын урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Төлөөлөгчид айлчлалын үеэр Япон Улсын Эзэн хаан Акихито мөн Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт бараалхсан байна. Парламент хоорондын болон хоёр орны харилцааны асуудал нь Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нартай хийсэн хэлэлцээний гол сэдэв байсан. Энэхүү айлчлал нь парламент хоорондын харилцааг дээд түвшинд хүргэж, Монгол-Японы харилцаа, төрийн тэргүүн, хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын хэмжээнд бүхэлдээ өндөр, дээд түвшинд явагдах болсныг баталгаажуулсан арга хэмжээ болсон юм.

  • 1999 оны гуравдугаар сарын 15-20-ны өдрүүдэд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр тал бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх байр сууриа хэвээр хадгалахаа илэрхийлж хоёр орны парламент хоорондын харилцаа аль алиндаа хандсан урсгалтай байгааг улам бэхжүүлнэ гэдгээ нотолсон.

  • 2002 оны хоёрдугаар сарын 17-24-ний хооронд УИХ-ын дарга С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга Ю.Иноүэгийн урилгаар Япон Улсад айлчлав. Айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр болсон бөгөөд Японы парламентын хоёр танхимын удирдлага өөрчлөгдөж, Ерөнхий сайд Ж.Койзүмигийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй өндөр хэмжээний төлөөлөгчдийн анх удаагийн айлчлал юм.

  • 2008 оны хоёрдугаар сарын 25-29-ний өдрүүдэд УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга С.Эдагийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Манай төлөөлөгчид Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихито, Эрхэм дээд хатан Мичико нарт бараалхаж, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга С.Эда, парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ё.Кооно, Япон Улсын Ерөнхий сайд Я.Фүкүда нартай уулзалт хийв.

  • 2011 оны арванхоёрдугаар сарын 9-14-ний өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод хатан Мичико нарт бараалхаж, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Японы Ерөнхий сайд Ё.Нода, Японы Гадаад харилцааны сайд К.Генбару болон Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Ю.Эдано-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг түүх соёл, харилцаа, холбоо, байгаль орчин, уул уурхай, хөрөнгө оруулалт, техник, технологи, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.

Японы талаас хийсэн айлчлалууд:

  • 1991 оны зургаадугаар сарын 10-13-ны өдрүүдэд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Улсын газар эзэмшлийн хэрэг эрхлэх газрын дарга асан Х.Иший тэргүүтэй Японы Либерал ардчилсан намын төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Энэхүү айлчлал нь хоёр орны парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, Японы хууль тогтоох дээд байгууллага, Японы эрх барих нөлөө бүхий намд улс орны байдлаа танилцуулах, цаашид Японоос эдийн засаг, санхүүгийн тусламж дэмжлэг авахад нөлөөлөх ач холбогдолтой болсон юм.

  • 1998 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ази, Номхон далайн орнуудын парламентын холбооны Японы үндэсний бүлгийн дарга К.Сэкия Монгол Улсад айлчилсан нь Монгол Улсыг дээрх холбоонд гишүүнээр элсүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хоёр орны парламент дахь, үндэсний бүлгүүдийн хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

  • 1999 оны наймдугаар сарын 18-25-ны өдрүүдэд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын япон-монголын найрамдлын бүлгийн дарга ноён Нозава Дайзо тэргүүтэй төлөөлөгчдийн УИХ-ын урилгаар хийсэн айлчлал нь хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

  • 2002 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ерөнхий сайд асан Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн дарга К.Тошики, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ц.Хата тэргүүтэй нийт 28 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Нарита-Буянт-Ухаагийн хооронд нисэх анхны нислэгээр Монгол Улсад айлчилсан.

  • 2002 оны есдүгээр сард Японы парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Дайзо Нозава тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.

  • 2004 оны есдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд Улсын Их Хурлын урилгаар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч бөгөөд Зөвлөхүүдийн танхимын гишүүн ноён Хидэхиса Оцужи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.

  • 2006 оны долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд Японы парламент дахь Либерал Ардчилсан Намын Япон-Монголын Найрамдлыг хөгжүүлэх бүлгийн дарга Т.Тамазава тэргүүтэй Төлөөлөгчдийн танхимын найман гишүүн, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Катаяама тэргүүтэй Зөвлөхүүдийн танхимын дөрвөн гишүүн 2006 оны наймдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд, Япон Улсын Ерөнхий сайд асан, парламентын гишүүн Т.Кайфу тэргүүтэй төлөөлөгчид 2006 оны наймдугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

  • 2009 оны зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ц.Такэбэ Япон Улсын Ерөнхий сайд Т.Асо-гийн тусгай элч төлөөлөгчөөр Монгол Улсад хүрэлцэн ирж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцов.

  • 2011 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. АНДПЧ-нд Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Акихаса Нагашима тэргүүтэй японы 26 төлөөлөгчид ирж оролцов.

УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэг:

1993-1996 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Ганбат, 1996-1998 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын Гадаад бодлого, Аюулгүй байдлын Байнгын хорооны дарга С.Зоригт, 1998-2000 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Батбаяр, 2000-2004 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Дамиран, 2004-2008 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Л.Одончимэд, 2008-2010 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар Д.Ганхуяг, 2010-2012 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар Су.Батболд нар ажиллаж байв.

2012-2016 оны Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, дэд даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Л.Болд, Д.Ганбат, Ц.Даваасүрэн нар ажилладаг бөгөөд нийт 55 гишүүнтэй хамгийн том бүлэг юм.


Монгол-Японы парламент хоорондын харилцааны түүхэн товчоо  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй