Шууд Chart

З.Энхболд: Монгол оронд ардчиллыг хөгжүүлэхэд Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэсэн

2015-02-27 08:45:59

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,   

Эрхэм хүндэт япон анд нар аа, Хатагтай, ноёд оо

УИХ-ын дарга, түүнийг дагалдаж буй Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж буй Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн гишүүд, Монголыг дэмжигч Та бүхэнд хувиасаа болон төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс ардчилал, шинэчлэл, зах зээлийн замд шилжсэн 1990-ээд оны эхэн үеэс манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өнөөдөр Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин гүнзгийрч байгаад баяртай байна.
 
Монгол оронд ардчиллыг хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад  Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэснийг Монголын төр, ард түмэн өндөр үнэлж, гүнээ талархаж байдаг. Энэхүү тусламж дэмжлэгийг санаачилж, хэрэгжүүлэхэд Япон Улсын Парламент дахь найрамдлын бүлэг, мөн найрамдал, соёлын нийгэмлэгийн гишүүд Та бүхний оролцоо, хичээл зүтгэл голлох үүрэг гүйцэтгэснийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Эрхэм хүндэт анд нөхдөө,
Монгол орны дотны түнш,  манай гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Улс Япон Улстай улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, олон нийтийн өргөн солилцоог хөгжүүлэх чиг шугамыг баримталж байна.  Саяхан хоёр орны хооронд  байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол, Японы бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлж, шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны олон нийтийн байгууллагуудын үүрэг санал санаачилга, иргэд хоорондын нөхөрлөл чухал хөшүүрэг болж ирсэн.  Иймд бид цаашид хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бүр нэмэгдүүлж, итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхэд Та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно. Эрхэм хүндэт япон анд нөхөд Та бүхэнд дахин талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсч, Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр дэвжин цэцэглэхийн өлзийтэй ерөөл  дэвшүүлье гэлээ.
 

З.Энхболд: Монгол оронд ардчиллыг хөгжүүлэхэд Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэсэн  
Үзсэн: 1494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй