Шууд Chart

Шаамар...

2015-03-09 05:02:00

Намрын өглөө. Эргэн тойрон нам гүмхэн. Хааяахан нарсны шилмүүс сэрвэлзүүлж болжмор нисэж бууна. Ай даа. Диваажинд очиж үзсэн бол гэж бодогдоно. Үнэхээр л газрын диваажин гэмээр орчин налайна. Тэнгэр цэнхэр. Модод ногоон. Ийм нэг хүнхрээ. Эргэн тойрон нарсан хүрээтэй. Голоор нь сүвлэн мэлтэлзэх Орхон гол. Харахуйяа бодлын ертөнцөд олон эрсээр хүрээлүүлсэн усан гүнж гэлтэй. Хаашаа л харна нов ногоохон. Оюу алга шиг амьд тойром. Үүнийг Шаамар гэх. Хаашаа ч нэртэй юм бэ дээ гэмээр...

Хэрэвзээ Шаамарын шар тохойг тэнгэрээс тольдвол мөнгөн бүслүүртэй алтан ёроолтой оюу аяга шиг л харагдах буй за. Би ингэж л төсөөлдөг юм. Шаамарын шар тохой хадлангийн их нөөцтэй. Тэгээд ч Шаамарын тэжээлийн аж ахуй гэж байгуулагдсан түүхтэй. Намрын намарт хадланчид ханцуй шамлан орж, дүнхгэр дүнхгэр нуруу ярайлгана. Хадлангийн аваргууд олон төрсөн дөө...Баатар ч бий. Номин цэнхэр Орхоноо хоргой шиг эмжээд ногоочид бүчнэ. Түүн дунд Баасанжав эгч маань түмэн алаг ногооныхоо дунд нэг сайхан эжий л байдаг сан. Хүүхэд, дүү нар нь бүгд ногоочин. Ногоочин халуун бүлийнхэн. Баасанжав эгч маань олоон жилийн өмнө нэг том хулуу ургуулж билээ. Газарт нар мандсан юм шиг шаргалхан эд. Миний тэвэрт багтахгүй том. Намар нь жинлээд үзэхэд 40 килограмм татсан гэсэн. Дагва ах насаараа улаан төмөртэй ноцолдсон болохоор гаднаа нэг шар өнгөтэй гандмал А-69 энд, тэндээс эвлүүлээд босгочихсон. Түүгээрээ Сүхбаатар хотын зах руу ногоогоо ачаад давхидаг байлаа. Тэр хулууг үзэж олзуурхаад нэгэнтээ "Жаахан шаргын том шарга" гэж найруулал бичиж суулаа. Учир нь Дагва ах Баасанжав эгч хоёр тэр шар өнгөтэй А-69-өө "жаахан шарга" гэж нэрлэснээс үүдэлтэй юм даа.

Шаамарын шар тохойд энэчлэн олон сайхан үйл өрнөж, ногоочид нь дэлгэр сайхан амьдарч энд тэнд алаг шаазгай зочны хэлмэр болж чаг чаг дуугараад нэг л сонихон, нэг л сайхан байдаг сан.

Монголын хамгийн олон нисдэг сүрэг энэ тохойд л бий гэж бодохоос сэтгэл өегшөөд бялуурах шиг болно. Энэ тохойн цэцэг бүхэн нисдэг эзэнтэй. Балаа хуваалцаж амьдардаг буянтай. Шаамар гэхээр шаргалтаад нэг л өег шүү...Энд ургахгүй юм гэж үгүй. Тээр жил алдарт ногоочин Цагаанбулаг гуайн хашаанд очлоо. Хар ус нуурынхаа зэгсэнд хүрсэн юм шиг сэтгэгдэл төрж байна. Нэг их өндөр дэрс маягийн юм ногооныхоо талбайн хойд талаар эмжээд тарьчихсан байна. Энэ юу юм бэ гэж сонирхвол “Өнгөрсөн жил их дэлгүүрээр орсон чинь оросын дэрсэн шүүр гээд юм байна. Түүнээс нь талбай шүүрдэх гээд авсан юм. Тэгтэл үзүүрт нь бор, бор үртэй юм. Түүнийг нь шувтарч аваад тарьчихсан чинь ийм өндөр ургачихлаа” гээд хээв нэг инээж зогссон дүр нь одоо ч тодхон байна. Бас том, том улаан цэцэгтэй ургамал байна. Энэ ямар цэцэг вэ гэвэл Аа, наатах чинь халуун оронд ургадаг гэсэн байх аа. Хажгүргэм гэж эмийн чанартай цэцэг гэж байна. Тийм ээ, Шаамарын шар тохойд ургахгүй юм даанч үгүй дээ... Ургуулдаг сайн эзэн л байвал ургаад өгнө.

Ер нь Шаамар гэдэг үг ой тойнд минь өгөөмөр гэх шиг л буудаг болсон доо. Шаамарын шар тохойд цагтаа ардын хувьсгалын партизанууд уухай хашгиран сэлэм эргүүлж, хувьсгал хийж байсан түүх бас шаргалтаж байдаг. Шаамарын шар тохой гэж шаргалхан, сэтгэл шандуурсан сайхан газар даа... Шаамарын тохойд болсон нэг хошин яриаг та олондоо хэлж өгье. Хоёр жолоочийн хошин яриа л даа. Шаамарский дорог шалчиг балчиг еес гэхэд нь нөгөөх нь "Много еес" гэж хариулсан хэмээн инээцгээдэг сэн.

Шаамар үнэндээ шар тос шиг өгөөжтэй шаргалхан тойром доо...

Нийтэлсэн: Л.Мөнхтөр

Шаамар...   
Үзсэн: 3213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй