
“Дао” буюу Бумбын сургаальд:
“Шулуун болъё гэвэл.
Өөрийгөө муруй болго” гэдэг юм.
Юу гэсэн үг вэ? гэвэл: Ухаан мөхөс. Сэтгэл дорой битгий яв. Амьдралыг дээрээс нь. Бас доороос нь харж ойлго гэсэн үг. Өөрөөр хэлбэл. Дээрэнгүй ширүүн битгий бай. Бас ядуу дорой битгий харагд. Хаана чи илүү их үнэтэй байна. Тэнд оч. Тэнд бай. Тэнд тогло. Хэнд чи илүү хэрэгтэйгээ олж мэдэр. Түүнд итгэ. Түүнтэйгээ нөхөрлө гэсэн үг. Товчлоод хэлбэл. Үнэ цэнийн тэнцвэр гэдэг. Үлэмжийн их тэнцвэр. Тийм учраас. Миний хүү. Миний охин. Чи юу илүү их үнэтэйг биш. Юу жинхэнэ үнэтэй вэ? гэдгийг олж хар гэсэн үг. Сөрөг бус. Эерэг цэнэгтэй амьдар. Гэгээлэг үзэл. Хийморьлог сэтгэхүйтэй бай гэсэн үг.
Тийм нэг түүх аав нь чамд хэлж өгье.
Нэг эр. Бурхан Буддатай уулзжээ. Тэр эр Буддагийн сургааль ном, зам мөрийг буруутган зүхэв. Хуруу гозолзуулан зүхсэн аж. Будда чимээгүй хүлцэв. Түүний муушаал дууссан хойно Будда түүнээс ингэж асуулаа.
- Та найздаа бэлэг өглөө. Найз чинь авахгүй бол тэр бэлэг танд өөрт чинь үлдэнэ. Тийм үү? гэлээ.
Тэр эр:
- Тийм гэв
Будда:
- Та надад сая муу үгийн бэлэг өглөө. Даанч би хүлээж авсангүй. Сайн, муу үйлийн үр. Өөрт тань эргэж ирдэг. Авиаг давтах цуурай мэт. Биеийг дагах сүүдэр мэт. Тийм учраас. Муу үг. Муу үйлээс сэрэмжилж яваарай гэж тэр захисан гэдэг.
Тэгэхээр ийм юм. Энэ сургаалийн агуулга нь их гүн юм. Юу гэсэн үг вэ? гэвэл:
Нэгдүгээрт: Тэвчээртэй бай гэсэн үг. Аливаа сайн муу, аль алиныг нь тэсээд өнгөрөөж сур гэсэн үг. Хүн нэг л юмыг сайн сурвал бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол тэсвэр. Чи түүнд суралц гэсэн үг. Тэсвэр бол амьдралын эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юм үүгээр эхлээд. Түүгээр дуусдаг юм. Тийм учраас тэсвэр бол амьдралын эх сурвалж мөн.
Тийм учраас. Миний хүү. Чи юмыг буцаагаад залгиж сур. Уур хилэн. Уйтгар гуниг. Зовлон зүдгүүр. Юу ч битгий тээ. Буцаагаад залги. Баяр цэнгэл. Алдар нэр. Баян тансаг. Юу ч битгий тоо. Буцаагаад залги. Өөрөөр хэлбэл. Миний хүү. Миний охин. Чи! Өнөө маргаашийн биш. Оршихуй эс оршихуйн ухаанд суралц гэсэн үг.
Хоёрдугаарт: Миний хүү. Миний охин. Чи муу үг, муу үйлээс сэрэмжилж яв гэсэн үг. Сайн үг, сайн үйлийг өөртөө шингээ гэсэн үг. Хэн нэгний муу үг, муу үйлдэл, хараал зүхлийг битгий хүлээж ав. Хүлээж авахгүй бол түүнд өөрт нь буцаад очно гэсэн үг. Аливаа сайн мууд. Аль алинд нь хатуу ширүүн битгий ханд. Бодож хэл. Буруутгаж битгий ярь. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Дуугүй суу. Доошоо хар. Ядуу дорой харагд гэсэн үг биш. Хэзээ ярих. Хэзээ чимээгүй болохоо мэддэг бай. Хэлэх үгээ нам дуугаар, Зөв талаас нь бодож хэл. Зөв үйлдэл хий гэсэн үг. Өөрөөр хэлбэл. Аливаа юманд зөөлөн, уян хатан ханд. Зөөлөн, уяан хатан байна гэдэг. Сул дорой чанар биш. Амьдын шинж. Амьд юмс уян бас зөөлхөн байдаг. Үхсэн юм хатуу хөшүүн. Ширүүн бас хэврэг байдаг. Тийм учраас Хатуу ширүүн байна гэдэг. Үхэл мөхлийн шинж. Уян хатан зөөлөн байна гэдэг. Амьд амьдралын шинж.
Тийм учраас. Миний хүү. Миний охин. Аливаа юманд Чи хатуу ширүүн бүү ханд. Хараал атаархлаас хол яв. Хэтэрхий их шунал хүслээс зай барь. Муу муухай үг хэллэг бүү хэрэглэ. Нүгэл хилэнцээс айж яв. Оюун ухаанаа цэгцэл. Сэтгэл юугаа цэвэрлэ.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Миний зорилго | ||
Үзсэн: 15665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.