Шууд Chart

“Цэргийн алдар” цол, тэмдгийг Монгол цэргийн музейн хамт олон хүртлээ

2015-03-11 15:38:59

Монгол цэргийн түүхэн гавьяа, алдар сууг олон нийтэд таниулах, сурталчлах үйлсэд зүтгэж яваа хамт олон бол Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музей. Монгол цэргийн музей нь монгол цэргийн дайчин замналыг өгүүлсэн, эх орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулсан, үе үеийн дайчин хөвгүүд тэдний яндашгүй их гавьяа байгуулахдаа эдэлж хэрэглэж байсан эд өлгийн  түүхэн дурсгалт зүйлсийг олборлох, хадгалан хамгаалах, судлан шинжлэх, сэргээн сайжруулах, үзмэр үзүүлэн болгож олон түмэнд таниулах түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг. Иймд өнөө үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний өв соёлоо дээдлэх, боловсрол мэдлэг олгохын тулд олон талт ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Тодруулбал, “Музей нүүж явна” хөтөлбөрөөрөө дамжуулан хүүхэд залуус, оюутан, сурагчдад Монгол Улсын Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд эх оронч үндэсний үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тус хамт олны залуу хойч үеийн сэтгэлгээнд эх оронч үзлийг төлөвшүүлж, олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйг үнэлэн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан МЗХ–ноос “Цэргийн алдар” хүндэт цол, тэмдгийг гардууллаа.

Мөн тус музейн Сэргээн засварлагч С.Баасандоржийг  “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” , Эрдэм шинжилгээний ажилтан С.Нямдоржийг “Тэргүүний залуу”, Аргазүйн тайлбарлагч Э.Пагмадуламыг “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус  шагнаж урамшуулсан юм. Шагнал гардуулах үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа нар уулзаж хүүхэд, залуучуудад олгох эх оронч үзэл, боловсролын ажилд хоёр талаасаа бүхий л боломжинд тулгуурлан шинэлэг арга хэлбэрүүдээр олон түмэнд хүргэх олон талт ажлуудыг төлөвлөн зохион байгуулах тал дээр санал нэгдлээ.

Энэхүү ажлыг зохион байгуулахад Монгол цэргийн музейн материаллаг баазыг түшиглэн ашиглах боломжтой гэдгийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат илэрхийлсэн бол Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа боловсролын соёлын ажлуудыг түгээхэд сургалт семинарын ажлууддаа МЗХ-г түшиглэн залуучуудыг татан оролцуулах боломж бий гэдгийг уламжилсан юм. Мөн “Зэвсэгт хүчний 94” жил болон “Аугаа эх орны дайны 70”, “Чөлөөлөх дайны ялалтын 70” жилийн ойнуудыг тохиолдуулан хоёр тал хамтран ажиллах болно гэдгээ ч илэрхийллээ.


“Цэргийн алдар” цол, тэмдгийг Монгол цэргийн музейн хамт олон хүртлээ  
Үзсэн: 1929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй