
Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос Монголд анх удаа 55 сая төгрөгийн шагналын сантай "Шилдэг гэр бүл- Шинэ байр" реалити шоуг зохион байгуулж байна. Тэгвэл энэхүү шоунд оролцож буй 11 гэр бүл өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч эдгээр залуу гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзан “Хэнтий аймгийн залуучуудын холбоо залуус руугаа чиглэсэн олон сайн санал санаачилга гаргаж, эерэг өөрчлөлтийг залуучуудын дунд бий болгож байгаад талархаж байна. "Шилдэг гэр бүл-Шинэ байр" реалити шоу ч мөн бусад аймгаас түрүүлж хэрэгжүүлсэн томоохон ажил болж чадлаа” гэдгийг онцлоод залуустаа амжилт хүслээ.
Хэнтий аймаг нийтдээ 70 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 35 хувь нь залуус аж. Тиймээс ч залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг Хэнтий аймгийн Залуучуудын Холбоо 2015 онд зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Шилдэг гэр бүл шинэ байр” телевизийн шоу нэвтрүүлэг гэнэ. Энэхүү шоунд нийтдээ 11 гэр бүл оролцож байгаа бөгөөд эрдэм мэдлэг, оюун ухаан, спорт, нийгмийн хариуцлага, шинэ санаачилгаараа шалгарсан 5 гэр бүл байртай болох юм байна. Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Аюурбунь “Залуучууд маань энэ нэвтрүүлэгт маш идэвх санаачилгатай оролцож, өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг ганцаараа биш гэр бүлээрээ шийдвэрлэж байгаа манай энэ шоуны онцлог” гэдгийг ч дуулгаж байлаа.
Орчин цагийн залуусын хамгийн анхдагч хэрэгцээ нь байр, орон сууц. Төр засгаас шат дараалсан хөтөлбөр хэрэгжүүлдэг ч үүнд залуучууд хамрагдах боломж төдийлөн олддоггүй. Тэгвэл хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй залуус маань өөрсдийн тулгамдсан асуудлаа заавал төр засгаар шийдвэрлүүлэх биш хамтдаа бүтээж, хамтдаа шийдвэрлэж байгаа нь олон залууст үлгэр болох биз ээ.
Нийгмийн хариуцлага, шинэ санаачилгаараа шалгарсан таван гэр бүл байртай болно | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.