
Албаны эх сурвалжийн мэдээгээр манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй БНХАУ-ын долоон мянга орчим иргэн байдаг байна. Үүнд сурдаг, ажил хийдэг болон байнгын оршин суудаг бүх иргэд орж байгаа бөгөөд манай улсад оршин суух хятад иргэдийн тоо өмнөх жилүүдээс цөөрсөн гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой уулзах үеэрээ хоёр улсын Засгийн газар хооронд харилцан тохиролцсон, хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах мэргэжилтэй ажилчдын асуудлыг онцгойлон авч үзэхийг хүсчээ. Тэрбээр мөн Хөдөлмөрийн сайдад БНХАУ-аас хуулийн дагуу авдаг ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьж, энэ чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Харин С.Чинзориг сайд эдийн засаг хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дотооддоо ажилгүйдэл нэмэгдэж буй энэ үед БНХАУ-аас авдаг ажиллах хүчний тоог нэмэх боломж байхгүйг тайлбарлаад цаашдаа тус улсаас зөвхөн Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэхтэй, жинхэнэ мэргэшсэн ажилчдыг л авах бодлого барина гэдгээ хэлжээ.
Мөн Монгол Улс хөдөлмөрийн зах зээлдээ гаднаас ажиллах хүч авахдаа монгол ажилчдыг дагалдуулан ур чадвар эзэмшүүлэх шаардлага тавих замаар гадны ажиллагсдын тоог бууруулах ёстой гэж үздэгээ ч дуулгасан. Түүнээс гадна хоёр улсын хооронд ажиллах хүч солилцож буй тогтолцоог ч өөрчлөх шаардлагатай хэмээгээд энэ тал дээр Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол дахь хятад ажилчдын тоог нэмэхийг хүсчээ | ||
Үзсэн: 2852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.