Шууд Chart

Гарын үсэг

2015-04-06 10:17:20

/Эссэ/

Хөхрөгчийн доор төрж, хөрстийг тамгалсан цагаасаа хүн нэг дагуултай болдог. Тэр нь сүүдэр ч биш, эхнэр ч биш, үр хүүхэд ч биш. Нотолгоо юм. Нотолгоо гэдэг үнэндээ нэр буюу… Эх дэлхийд эхийн хэвлийгээс даяласан нялх үрийнхээ баруун чихэнд гурвантаа шивнэж хэлсэн тэр нэр. Энэ нэр төрсний нотолгоо болж анх удаа гэрчлэх баримт “Гэрчилгээ” гэдэг албан бичигт дурайна. Ингээд л хөхрөгчийн доор яван явсаар хөрстийнхөө элгэнд шингэн одохуй аргагүйн эрхэнд чулуунд сийлүүлж алга дарам газраа сахин үлдэнэ… Буух буурьтай, буцах эзэнтэй гэдэг л энэ байх. Хүн явсны нотолгоо нь ингэж хөрстийг тамгалан үлдэх хувийг олно. Хэний хэн билээ. Алдар нэр хэн билээ… Ийм асуултын өмнө мөн ч олон нэрээ хэлсэн дээ… Нэрээ хэлэх бүрий “би” гэдэг бичил ертөнц баталгаажсаар л байх. Авах өгөх, алдах онох бүрийд нэрээ бичиж барьцаална. Алдсаны нотолгоо, оносны баталгаа нь тэр л дээ. Дуудах нэрийг эцэг, эх өгдөг ч дуурсах нэрийг өөрөө олдог хүмүүний тавилан хамгийн үнэн юм даа…

Нэрийн төлөөлөл нь гарын үсэг болой. Гарын үсэг гэдэг үнэндээ хувь хүний амин зүрхний тамга дардас нь буюу… Дунд сургуульд байхдаа би гарын үсгээ гоё зурах гэж их л олон янзаар бичдэг сэн. Манай сумын клубын эрхлэгч Ванчингийн Даваасүрэнгийн гарын үсэг л таалагдана. Яаж ингэж гарын үсгээ гоё зурах вэ гэх нэг бодол намайг цаас л таарвал элдэв янзаар гарын үсгээ зурах хүслийг бадраана. Тэгж тэгж нэг удаа л гарын үсгээ ингэж зурж байя гэж тогтсон. Тэр маань амьдралын турш намайг дагаж явна. Энэ гарын үсэг цалингийн анхны цэсэн дээр дурайхдаа намайг мөн ч их баярлуулж билээ. Түүнээс хойш баяр гунигийн  зууч болон мөн ч олон мянган удаа цаасан дээр нотолгоо болон дурайсан. Гарын үсэг гэдэг монгол хүүхдийн ууцан дээрх хөх толботой дүйцэхүйц хариуцлагатай бас үүрэгтэй эд. Бодож байж гарын үсгээ зурахгүй бол болохгүй ээ. Энэ чинь нотолгоо. Би нотолно гээд гарын үсгээ зурах нь мөн ч том хариуцлага юм шүү… Төрийн гарын үсэг бол тамга. Тамгаар баталгаажсан гарын үсэг илүү их хүчтэй, нэр хүндтэй, хариуцлагатай. Дэлхийн өмнөөс барьцаалан гарын үсгээ зурдаг эрхэм бол НҮБ-ын дарга. Монгол Улсын өмнөөс барьцаалан гарын үсэг зурагч нь Ерөнхийлөгч… Ээ дээ, мөн ч хариуцлагатай эд дээ…

Нэгэнтээ Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэв гауй хэлж байсан. Гарын үсэг гэдэг нь гаргагдахын нэр юм шүү дээ. Түүнээс элдэв янзын зураас, эрээн мяраан зүйл биш ээ гэж…” Бодоод байхад үнэн ч юм шиг. Ямартай ч гарын үсгээ зурцгаая. Бичиг мэддэг бүхэн гарын үсгээ зурдаг. Бичиг мэддэггүй байх үедээ эрхий хурууныхаа өндөгний хээгээр гарын үсгээ зурдаг байсан. Энэ үнэхээр давтагдашгүй бас зөвхөн өөрөө мөн гэдгийг баталсан том нотолгоо юм шүү… Тэгээд ч төрийн шагналт зохиолч Нямбуугийн Нямдорж: “Алганы минь хээ арилахгүй, өндөгний минь хээ өөрчлөгдөхгүй, хурууны минь хээ хувирахгүй, миний хээ минийх” гэж омогшоо буй за.

Гарын үсэг гэдэг өөртөө олон зүйл агуулах юм. Хувь хүний нэр хүнд, ажил алба, эрх мэдэл гээд…Тэр бүх чиглэлээрээ өөртөө болон өрөөлд үйлчлэх юм. Удирдах албан тушаалтны гарын үсгийг хүлээж үүдэнд нь айсан туулай шиг суух нэгнийг хараад өрөвдөх үе зөндөө л байдаг сан. Хүнд сурталтай хөшүүн гарын үсэг ч байна. Хүлээлгээд л байдаг, хүлээгээд л байдаг. Тэр ямар их хүнд сурталтай гарын үсэг вэ… Нэр хүндтэй хүсэн хүлээх гарын үсэг гэж бас бий. Гарын үсэг цуглуулдаг хүн ч бий. Сансрын нисэгчээс эхлээд олимпийн аварга дэлхийд нэр цуутай… хэн нэгэн алдартны гарын үсэг нэн дурсгалтай бас ч бахархалын жишээ болдог. Танил нөхөртөө бичсэн номоо дурсгахдаа сэтгэлийн үг бичиж гарын үсгээ зурдаг. Минийх шүү гэж өөриймсөн нотолж байгаа нь тэр. Авсан эзэн нь миний найз өөрөө өгсөн юм, гарын үсэг нь энэ байна гээд бахархаж суухын нэр. Гарын үсэг гэж том нотолгоо. Газар хотойм их мөнгөний ард ч гарын үсэг зурж байж л баталгааждаг. Гарцаагүй үхлийн өмнө очсон хэн нэгний үхэл амьдралын дэнсэн дээр ах, дүү, амраг садан нь эмч эмнэлгийн ажилтанд гарын үсгээ өгдөг. Ай, энэ гарын үсэг үү…

Хааяа нэг “үзэглэв” гэж бичсэн л харагдах юм билээ. Энэ тийм оновчтой биш ээ, зүгээр л чамирхал. Хариуцлагын гаднах зүйл. Үзэг бол гарын аясаар хөдлөх зэвсэг болохоос өөрийн зоргоор хөдөлдөг зүйл хараахан биш л дээ. Хүмүүн гэгч бодлоо нотлоход хэрэглэх тэрхүү үзэг гэгч өөрөө мэдээд “үзэглээд” байгаа юм биш. Бас ч бодоод байхад үзэг л үзэглэсэн шүү дээ. Би яагаа ч үгүй гэх эзэн биегүйн нотолгоо.

Гарын үсэг гэдэг шударга үнэний дэнс. Хуудуутай юман дээр хувиршгүйн гэрч гарын үсгээ зурчихвал эргээд толгой орооно. Авлига хээл хахуулийн ард бас л гарын үсэг үйлчилдэг. Хормын төдийд гарын үсэг дурайгаад л их мөнгө, их эрх, их эд хэрэглэл өөрийнх болдог. Ээ дээ энэ гарын үсэг үү… Үнэндээ бол гарын үсэг авахын төлөө л авлига хээл хахууль өгч байгаа юм биш үү… Ингээд бодохоор “ГАРЫН ҮСЭГ” гэдэг гайхалтай зүйл ээ. Нэгэнтээ төрийн шагналт шүүмж судлаач Д.Цэнд багш маань Я.Баатарын олон жил цуглуулж эмхэлж байж бичсэн Б.Явуухулангийн зохиолын тухай номын ерөнхий редактор байжээ. Тэгээд л тэр номыг хэвлэх болж Я.Баатар ерөнхий редактортоо өгөхөд Цэнд багш шууд л гарын үсгээ хайрлаж байсан. Та үзэж харах ч үгүй гарын үсэг зураад л болох нь тэр үү гэж бидний оюутнууд багшаасаа сонирхон асуухад “Ингэж хурдан зурдаг болохын тулд намайг яаж их хөдөлмөрлөсөн гэж санана” гэж хариулсан. Тийм ээ, гарын үсгээ зурах болтол тэр хүн оюун бодлоо элээж, хичнээн жил хөдөлмөрлөж, ямар хэмжээний нэр хүнд алдар цол авсныг бид эргэн, эргэн ухаарч билээ. Гарын үсгээ зурах хүртэл их хөдөлмөрлөж, энэхүү нотолгооны эзэн байх хариуцлага үүрэх учиртай. Гарын үсэг маань гарцаагүй үнэний дэнс маань болчимгүй юман дээр бүү дурайг. Бодол ухаарлын зөв гаргалгаан дээр энэ биеэрээ хариуцна хэмээн дурайж байг. Эх орныхоо төлөө энэ гарын үсэг хил манасан цэрэг эр шиг нүдтэй байг. Эрх чөлөөний төлөө энэ гарын үсэг цуцашгүй тэмцэгч нь байг. Ардчилал, хүний эрхийн төлөө энэ гарын үсэг шударга үнэний төлөө дурайж байг. Сайн сайхан бүхний ард баталгаа нь болон нотолж байг. Гарын үсэг гэдэг хувь хүний сэтгэлийн ч, сэтгэлгээний ч тамга буюу…

Нийтэлсэн: Л.Мөнхтөр

Гарын үсэг  
Үзсэн: 5654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баатарчулуун [66.181.178.xxx] 2017-09-28 09:20
Баатарчулуун гээд гарийн үсэг бичээд өгөөч тэгхүү
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-04-06 16:46
Ядуухан сэтгэлтэй хүмүүсийн гарын үсгээс болж улс орон ч хямарч байх нь юутай гутамшиг,гэтэл тэд мөн л "үзэглэсээр" л байх юм...

Бидэнтэй нэгдээрэй