Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланч, ногоочдын нэгдсэн зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнд оролцоод ирсэн сурвалжлагч Д.Баяржаргалтай ярилцлаа.
-Өдрийн мэнд. Зөвлөгөөний үр дүн юу байв?
-Баярлалаа, сонсогчиддоо өдрийн мэнд хүргэе. Хаврын тариалалтын зөвлөгөөн бол тариаланчид, ногоочдын хүсэн хүлээж байдаг уулзалт, хэлэлцүүлэг гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байгаа юм. Учир нь тариаланчид өөрт тулгарч байгаа бэрхшээлээ салбарын яамны удирдлагуудад уламжилж, тодорхой шийдэл гарч байдгаараа онцлогтой. Нөгөө талаараа Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ жилийн төлөвлөгөөгөө тариаланчдад танилцуулж, орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгдөг.
Манай улс энэ жил 14 аймгийн 400 мянга орчим га-д газар тариалангийн ажил эхлүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. Үүний 300 мянган га-д улаанбуудай тариалах бол 30 гаруй мянган га-д тосны ургамал, 16 мянган га-д малын тэжээл тариалж, үлдсэн талбайд төмс хүнсний ногоо тариалах гэрээг Хүнс хөдөө аж ахуйн сайд аймгийн Засаг дарга нартай байгуулсан. Яамны удирдлагууд газар тариалангийн бүс нутгуудад тариаланчидтай зөвлөгөөн зохион байгуулж үндсэндээ дууслаа. Өөрөөр хэлбэл, өчигдөр Сэлэнгэ аймагт, Дарханы тариаланчидтай хамтарсан зөвлөгөөнийг хийлээ. Өмнө нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Булган аймгийн тариаланчид, ногоочидтой зөвлөгөөн зохион байгуулж яамны төлөвлөгөө, бодлогыг танилцуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн урамшуулал, хөнгөлөлтийн талаар ярилцсан.
-Хаврын тариалалт эхлэхэд тариаланчдад нэн шаардлагатай зүйл нь шатахуун, хор, бордооны хэрэгцээ байдаг. Энэ талаарх мэдээллийг хүргээч?
-Тариаланчдад шаардлагатай шатахуун, үр, хор бордоо зэргийг ТЭДС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Энэ жил өмнөх жилүүдийн уламжлалын дагуу олгохоо тус сангийн гүйцэтгэх захирал Б.Цолмон мэдээлж байсан. Түүний яриаг сонсоод мэдээллээ үргэлжлүүлье.
-Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр газар тариалангийн техник хэрэгслийг тариалалтын өмнө оруулж ирээд 20 хувийн урьдчилгаагаар олгох юм билээ.
Тариаланчидтай хийсэн зөвлөгөөний үеэр Хөдөө аж ахуйн бирж компаниас зохион байгуулах улаанбуудайн фүчерс буюу ирэх намрын ургацын урьдчилсан арилжааны талаар мэдээлэл өгсөн. Үүнд тариаланчид ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. “Арвин хур” компанийн захирал Б.Пүрэвдорж:
-Тариаланчдын өмнө хамгийн их тулгамдаж байгаа бэрхшээл нь санхүүгийн асуудал. Энэ нь мэдээж гурилын үйлдвэрүүдээс мөнгөө авч чадаагүй, буудайгаа борлуулж чадаагүй аж ахуйн нэгжүүд олон байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тусгал мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.
| Тариаланч, ногоочдын зөвлөгөөн болов | ||
| Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.