Шууд Chart

Шүүгчид өндөр цалин шударга байдлын хэмжүүр биш гэв

2015-04-16 11:01:20

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсон хэлэлцэж байна.  Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар тэнцсэн байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлснийг ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм.

Чуулганы үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга эдгээр дөрвөн шүүгчийг нэр дэвшүүлэхдээ шалгалтанд тэнцэж оноо балл авсан хүмүүсийг үлдээгээд өөр хүмүүсийг оруулж ирсэн байна гээд шалгаруулалтыг яаж явуулсан талаар асуусан. Түүнчлэн шүүгчдийн цалинг нэмлээ гээд шударга ёс тогтох боломж байхгүй. Ерөнхийлөгч “Ийм бага цалин авч байгаа хүнээс яаж зөв шийдвэр гарна гэж хүлээж байна вэ” гэж хэлсэн нь гайхмаар санагдсан. Эндээс нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг УИХ-ын гишүүн харьяат бусаар ажиллах боломжгүй юм байна гэсэн логик гарч ирж байна. Тэгэхээр шударга ёс гэдэг заавал мөнгөний хэмжээгээр шийдэгдэх болж байна уу гэдгийг нэр дэвшигчдээс асуусан.
 
Шалгаруулалтын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөл дүгнэлт хийхдээ Шүүхийн мэргэжлийн хороо болон Хуульчдын зөвлөлийн саналыг харгалзсан. Үүнээс гадна нэр дэвшигчтэй 50-60 минутын ярилцлага хийж шүүгчийн зан төлөв, хүний эрхийн хандлага байна уу, ёс зүйн төлөвшил, нийгмийн мэдрэмж зэргийг нь харгалзаж үнэлгээ өгсөн. Мөн ажлын туршлагыг харгалзаж байж шийдсэн гэсэн юм. Харин нэр дэвшигчид цалин бол шударга ёсны хэмжүүр болохгүй хэдий ч энэ бол чухал зүйл гэсэн юм. Учир нь шүүгч нар цалингаас өөр орлого олох ямар ч боломж байдаггүй учраас дэлхийн аль ч улсад шүүгч нарын цалинд анхаардаг. Үүний жишгээр л манай улсад шүүгч нарын цалинг тогтоосон гэлээ.
 
Л.Цог гишүүн шалгаруулалтад өндөр оноотой их, дээд сургуулийн багш нар байхад доогуур оноотой хүмүүсийг авсан байсан. Шүүгчдийг сонгон шалгаруулж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрөө шударга байна уу гэдэг нь чухал. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өөрөө хүн дайрч хороочихоод хэргээс мултарсан нь үнэхээр хэцүү хэрэг байна гэсэн юм.
 
Ц.Оюунбаатар гишүүн шалгаруулалтын үеэр нэг нэр дэвшигч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Тийм байхад гишүүдийг нэр дэвшүүлээд явж байгаа нь зөв үү гэдгийг асуусан. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шалгалт өгсөн нэр дэвшигч Д.Ганзориг өөрийнх нь оноог буруу дүгнэсэн гэж үзээд гомдол гаргасан. Хуулийн дагуу гомдлоо эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргадаг. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ талаар ярилцаад ямар нэг байдлаар буруу оноо өгсөн зүйл байхгүй гэж үзсэн учраас буцаасан. Харин нэр дэвшигч Д.Ганзориг шүүхэд өгч захиргааны хэрэг үүсгэсэн байгаа гэсэн юм. Ингэж Захиргааны хэрэг үүсгэсэн талаар байнгын хороогоор хэлэлцэж эхэлсний дараа мэдсэн учраас яах ч боломж байгаагүй гэлээ.  
 
Хуралдаан үргэлжилж байна. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шүүгчид өндөр цалин шударга байдлын хэмжүүр биш гэв  
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй