Шууд Chart

П.Анхжаргал: Үндэсний Залуучуудын Зөвлөл бол залуусынхаа эрх ашгийн төлөө ажиллах, Монгол залуусын хамгийн том нэгдэл

2015-04-21 15:44:49

МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төлөөллийн байгууллага болох Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлыг тун удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна. Энэ анхдугаар хурлын талаар МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга П.Анхжаргалтай цөөн хором ярилцлаа.

- Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 28-нд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Үндэсний Залуучуудын Зөвлөл нь ямар учиртай байгууллага  болох талаар  манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Монголын Залуучуудын Холбоо 12 жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд V Их хурлаа зохион байгуулж, нийт 37 тогтоолыг батлан гаргалаа. Үүний нэг нь Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах тухай тогтоол байсан. Тиймээс энэхүү тогтоолын дагуу Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлыг 2015. 04. 28-ний өдөр зохион байгуулахаар болоод байна. 

Үндэсний Залуучуудын Зөвлөл нь МЗХ-ны Их хурлаас дараагийн Их хурлын хооронд ажиллах төлөөллийн байгууллага.  Бүр тодруулбал МЗХ-ны цаг үеийн бодлого, хөтөлбөрийг батлах, залуучуудын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гарган ажиллах төлөөллийн байгууллага  гэж ойлгож болох юм.  ҮЗЗ-ийн анхдугаар хурал Улаанбаатар хотноо дээр дурьдсан хугацаанд хуралдах бол 21 аймгийн залуучуудын бага чуулган 119 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрөвдүгээр сарын 20-ны дотор аймаг бүрт тус тус зохион байгуулагдсан. Одоо бол 339 гишүүнтэй Үндэсний Залуучуудын Зөвлөл байгуулах сонгууль эхлээд байна.

- Ер нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн гишүүн болсны ач холбогдол, давуу тал нь юу вэ? Сонгогдсон гишүүддээ ямар ашигтай байгууллага вэ?

- Монголын шилдэг залуучууд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн  гишүүн болсноор МЗХ-ны үйл хэрэгт гар бие оролцож, Монголын залуучуудын төлөөлөл болж залуучуудынхаа болон өөрсдийн дуу хоолойг төр засаг, олон нийтэд хүргэх, нийгмийг өөрчлөх олон ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх асар том боломж нээгдэж байна.  Үндэсний Залуучуудын Зөвлөл бол  залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том нэгдэл байх юм.

- Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүдээ сонгохоос гадна энэхүү анхдугаар хурлаар хэлэлцэгдэх гол асуудлууд нь юу байх вэ?

- ҮЗЗ-н хурлаар МЗХ-ны 5 дэд ерөнхийлөгч, 16 байнгын хорооны дарга сонгоно. Үүнээс гадна анхдугаар хуралдаанаар олон олон асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь улс төрчдийн хар жагсаалт. Улсын өнцөг булан бүрээс, салбар болгоныг төлөөлж нийгмийн болж, бүтэхгүй болгоны уг үндэс нь улс төр, улстөрчид юм бол шинэчлэлийн их ажил ч тэр зүгээс эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

- Энэ зөвлөлд ямар  хүмүүс  нэр дэвших боломжтой вэ? Энэ зөвлөлд орохыг хүссэн хүн бүр нэрээ дэвшүүлж болох уу?

- Энэ зөвлөл маань нийт 339 гишүүнтэй байх бөгөөд 16-40 хүртэлх насны бүх залуус гишүүнээр элсэх бүрэн боломжтой байгаа. Ер нь бол энэ сонгуульд нэр дэвших боломж 16-40 насны бүх хүнд нээлттэй байгаа гэж ойлгож болно. Нэр дэвшихийг хүссэн хүн бүр Монголын Залуучуудын Холбооны үндсэн сайт болох  www.myf.mn сайтад онлайнаар бүртгүүлж нэрээ дэвшүүлнэ. Ингэснээр нэр дэвшигчийн танилцуулга материал  сайтанд байрлаж, дэнчингийн мөнгө болох 240000 төгрөг тушаагдсанаар нэр дэвших эрх нээгдэх юм. Мөн сонгогдоогүй тохиолдолд дэнчингийн мөнгөө буцаан авч болно.

- Орон нутгийн залуучууддаа хэрхэн хамруулж байна вэ? Зарим нэг суманд бол цахим сүлжээ ороогүй интернэтээр бүртгүүлэх боломжгүй газрууд ч байгаа шүү дээ?

- Орон нутагт бол тодорхой квотууд байгаа. Аймаг, сум, багаас нэр дэвших бүрэн бололцоо байгаа. Хэрвээ интернэт байхгүй  үед  Монголын Залуучуудын Холбооны 321814, 88012976, 97000013 утсаар холбогдож мэдээлэл авахын зэрэгцээ утсаар бүртгүүлэх боломжтой.

- Сумаас ч юмуу аль нэгэн багаас нэр дэвшээд сонгогдчихлоо гэж бодоход тухайн сонгогдсон хүний орон нутагтаа очоод гүйцэтгэх  үүрэг юу байх вэ?

- Мэдээж гүйцэтгэх үүрэг гэж байлгүй яахав. Монголын Залуучуудад тулгамдаж байгаа зарим жижиг асуудлыг МЗХ хараагүй, анзаараагүй байж болно. Түүнийг нь сум, багт ажиллаж байгаа ҮЗЗ-ийн гишүүн маань олж харж, дуу хоолойгоо бидэнд хүргэх учиртай. Тиймээс ялангуяа орон нутгийн залуус маань илүү оролцоотой байх хэрэгтэй байгаа юм. Ер нь энэ зөвлөлд сонгогдсоноор Монголын нийт залуучуудынхаа өмнө ч маш том үүрэг хариуцлага үүрч явна гэсэн үг.

- Энэ сонгууль хэзээ явагдаж дуусах вэ?

- Сонгуулийн эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 25 байгаа. Тэгээд 28-нд Үндэсний Залуучуудын Зөвлөл хуралдана.

- Тэгвэл эдгээр  399 гишүүнийг хэрхэн сонгох вэ?

- Сонгуулийн хороо маань шийднэ.

- Мөн хүмүүсийн хамгийн их  сонирхож байгаа зүйл  бол дэнчингийн 240.000 төгрөг. Гишүүн бүрээс авсан энэ мөнгийг  юунд зарцуулах вэ гэдэг олон хүний анхаарлыг татаж байх шиг байна?

- Зарим хүмүүс “Энэ мөнгө ямар учиртай юм бэ” гэж  биднээс ч бас асууж байна. Энэ нь ҮЗЗ-н гишүүн сар бүр 20000 төгрөг төлж байна гэсэн үг юм. Залуучууд маань сонгуульд оролцохдоо дэнчингийн мөнгө болох 240000 төгрөгийг МЗХ-ны дансанд байршуулж байгаа. Хэрэв сонгуульд ялж тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн жилийн татварт тооцогдоно.  Харин сонгогдож чадаагүй бол дэнчингийн мөнгөө буцаан авч болох юм.

Монголын Залуучуудын Холбоо нь аливаа нэг нам, улс төрийн хүчнээс санхүүждэг байгууллага биш. Тиймээс энэ дэнчингийн мөнгө нь эргээд ҮЗЗ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах болно. ҮЗЗ бол жилдээ 2-оос доошгүй удаа хуралдах мөн ажлын хэсэг ажиллах ёстой. Тэгэхээр үүнд л энэ мөнгө зарцуулагдана гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь нэг талаасаа хариуцлага. Хүн төлбөрөө төлчихсөн юм чинь түүнийхээ араас тууштай явах хэрэгтэй биз дээ. Хүн аливаа зүйлд зүгээр сонгогдоод, ажлаад ирэхээрээ хариуцлагагүй болдог, идэвхи нь буурдаг ийм тал их ажиглагдаж байдаг. Тиймээс бид ийм хариуцлагагүй, идэвхигүй байдлаас ангид байхыг хичээж байна.

- Одоогоор ҮЗЗ-д хичнээн хүн нэр дэвшээд байгаа вэ? Залуус хэр идэвхитэй оролцож байна?

- Залуус маань  маш идэвхитэй хамрагдаж байна.  Гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуус  хүртэл бид нэр дэвшиж болох уу, оролцож болох уу? гэж асуугаад нэрээ дэвшүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү өөрийн нэрийг МЗХ-ны дэд Ерөнхийлөгчид дэвшүүлсэн бол АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд, Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ий гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар, МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, шилдэг залуус нэр дэвшсээр байна.

- Ярилцсанд баярлалаа

Ч.Гантуяа


П.Анхжаргал: Үндэсний Залуучуудын Зөвлөл бол залуусынхаа эрх ашгийн төлөө ажиллах, Монгол залуусын хамгийн том нэгдэл  
Үзсэн: 2544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй