
Монголын Залуучуудын Холбоо V их хурлаараа улстөрчдийн хар жагсаалт гаргах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр болж буй ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингэхдээ улс төрчдийн цагаан жагсаалтыг бас гаргах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Зарим төлөөлөгчийн хувьд хар, цагаан жагсаалт гаргаж хүнийг нэр зааж цоллох нь буруу гэв.
Тэд энэхүү байр сууриа улс төрд ассан түймрийг залуучуудын байгууллага улстөржихгүйгээр унтраах ёстой гэсэн бол бас нэг хэсэг нь цагаан жагсаалт гаргах нь өрөөсгөл ойлголт залуучуудыг бид хоёр талцуулж байна гэсэн санааг ч мөн хэлж байсан юм. Харин нөгөө хэсэг нь улсын ирээдүйн төлөө нийгэмд ассан түүнээс ч илүү түймрийг унтраахын тулд хар болон цагаан жагсаалтыг Үндэсний залуучуудын зөвлөл гаргах ёстой хэмээж байлаа.
Ингээд төлөөлөгчид өөр өөрсдийн санал бодлыг илэрхийлсний үндсэн дээр 2016 оны УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжих “Цагаан жагсаалт” болон нэрийг нь дэвшүүлж болохгүй улстөрчдийг багтаах “Хар жагсаалт”-ын журмыг боловсруулж, зохион байгуулах эрхийг Удирдах хороондоо шилжүүлжээ.
Энэхүү жагсаалтад иргэн бүр нээлттэй оролцож болох бөгөөд МЗХ-ны үндсэн сайт болох www.myf.mn сайтаар дамжуулан тавдугаар сараас есдүгээр сарын хооронд санал асуулга өрнөх нь ээ. Ингээд хар болон цагаан жагсаалтад багтсан этгээдийг есдүгээр сарын 29-нд болох ҮЗЗ-ийн II хуралдаанаар хэлэлцэж нэгтгээд аравдугаар сарын 2 буюу С.Зориг агсны нас барсан улс төрийн “хар өдөр” жагсаалтуудыг олон нийтэд зарлахаар болжээ.
Залуус улс төрчдийн хар болон цагаан жагсаалтыг гаргана | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.