Шууд Chart

Хуучин орос цэргийн байруудыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчиллаа

2015-06-15 13:56:57

Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад үнэгүй хувьчлан, эрхийн бичгийг нь гардууллаа.

Энэхүү байр нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэр буюу Шархад цайз захын зүүн хойно байрладаг. Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад 52.704.960 төгрөгийн бүртгэлтэй, нийт 1041.6 м2 талбай бүхий 1,2,3 дугаар байр нь 1979 онд орос цэргийн казармын зориулалтаар анх баригдсан. 1990-ээд оны эхээр орос цэргүүд Монголоос гарах үед уг барилгууд эзгүйрч зарим эд зүйлс тоногдсныг 1994 оноос “Амьтны ертөнц” компани эзэмшиж байгаад 1996 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаалаар харяаллын дагуу Хөдөө Аж ахуйн их сургуулийн балансад шилжүүлсэн байна.

Барилгыг ХААИС өөрийн хөрөнгөөр засварлах боломжгүй, ажиллуулж байсан нь компани нь үйл ажиллагаагаа зогсоосон тул Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар худалсан юм. Харин казармын зориулалттай байсан 1,2,3 дугаар байрууд үлдснийг Баянзүрх дүүргийн гэр оронгүй иргэдийг байрлуулсан. Түүнээс хойш орон сууцны зориулалтаар ашиглагдаж иржээ.

Уг байранд 47 айл амьдардаг бөгөөд 2001 оноос хойш 13 жилийн турш үнэ төлбөргүй ашиглуулж эзэмшүүлж ирсэн. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны гуравдугаар сарын 24 –ны 46 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны зургаадугаар сарын 02-ны  “Орон сууцыг хувьчилж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” А/470 дугаар захирамжаар нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч иргэдэд орон сууцаа эзэмших эрхийн бичгийг нь олголоо.

Ингэснээр тухай байр эзэмшигчид гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдаж шинээр байртай болох боломж бүрдэж байгаа. Эрхийн бичгийг гардуулах үеэр оршин суугчид “Олон жилийн хүлээлт биелэлээ олж байна” хэмээн баярласнаа илэрхийллээ.


Хуучин орос цэргийн байруудыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчиллаа  
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй