Шууд Chart

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав

2015-06-20 08:09:31

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.19. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав.

Тэрээр, ажлын хэсгээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороод, гишүүдээс болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн, судлаж хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай зарчмын саналуудыг тусгасан гэдгийг хэлээд хуулийн төслийн талаар байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн гаргасан зарим саналуудын талаар гишүүдэд уншиж сонсгосон юм.

Түүнчлэн байнгын хорооны санал дүгнэлтэд, Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх онцгой харъяалалтай бөгөөд шүүхээс бусдын хувийн өмчтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахаас өмнө захиргааны журмаар албадлага хэрэглэх ёсгүй. Иймд хуулийн төсөлд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог чухалчлан, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар зүйл, хэсэг, заалт нэмж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах газар, байр, сууцаар хангах асуудлыг тэдний амьдарч, ажиллаж байсан орчин нөхцлөөс дордуулахгүйгээр шийдвэрлэх үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээх, нийгмийн хэрэгцээ шаардлага, нийтийн ашиг сонирхол, цаашлаад төслийг дэмжихгүй байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эдийн засаг, нийгэм, соёлын эрх (эмнэлгийн тусламж авах, аюулгүй байдлаа хангуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах) зэрэг асуудлыг хангах зорилгоор тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэгчээс нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан талаар дурьдагдаж байв.

Мөн ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллах явцдаа засаг захиргааны нэгж дэх бүсийн хөгжлийн тулгуур төв, аймаг болон сум, дүүрэг зэрэг суурин газруудыг дахин хөгжүүлэх харилцааг зохицуулахтай холбоотойгоор засаг захиргааны анхан шатны нэгжүүдийн оролцоог хангаж сум дүүргийн Иргэдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг хуулийн төсөлд нэмж тусгасан байна.

Танилцуулгын дараа уг хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй гуч гаруй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулав.

Дээрх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах явцад гишүүд тухай бүрт байнгын хорооноос гаргасан саналтай холбогдуулан тодруулга хийж, саналаа хэлж байсан бөгөөд гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү болон ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өгч байв.

Ингээд байнгын хорооноос гаргасан саналуудаар санал хурааж дууссаны дараа хуралдаан даргалагчийн зүгээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж буй тухай хэлээд дараагийн хэлэлцэх асуудлын танилцуулгыг хийлгэхээр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг индэрт урьсан юм.

  

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны даргын танилцуулгын дараа гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуув.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл уг хуулийн төсөлд хуулийн мэргэжлийн, төрөл бүрийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс санал авсан эсэхийг лавлаад гишүүд хэдийгээр хуулийг хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй ч үзэл баримтлал, логик талаас хандах боломжтой юм. Салбарын нарийн асуудлыг гишүүд тэр болгон сайн мэдэхгүй учраас санал хураахад мэргэжилтнүүдийн оролцоо хангагдсан саналууд байвал гишүүдэд асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй юм хэмээн саналаа хэлж байсан.

Харин түүний асуултад Х.Тэмүүжин гишүүн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачид, шүүх прокурор, тагнуулын байгууллагын албан хаагчид, татвар зэрэг бүхий л салбарын мэргэжилтнүүд оролцсон. Хуулийн төсөл өргөн баригдсаны дараа Улсын Их Хурлаас ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын дэд хэсэгт салбар болгоноос мэргэжилтүүд мөн оролцож саналаа хэлж, хэлэлцсэн байгаа. Нэлээд олон жил уг хуулийн төслийг боловсруулсан учраас мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөл зэрэг олон талын оролцоо хангагдсан хэмээв.

Танилцуулгатай холбогдсон гишүүдийн асуултын дараа зарчмын зөрүүтэй зуу гаруй саналаар санал хураах болоход хуралдааны танхимд байсан гишүүдийн идэвхи сул, ирц хангалтгүй мөн чуулганы нэгдсэн хуралдааны завсарлах хугацаа нэгэнт болсон тул Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагийн аль нэг өдөр тусгайлан хийе хэмээн шийдвэрлэснээр энэ удаагийн хуралдааныг өндөрлүүллээ


Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй