
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий ассамблейг Монгол Улсын Засгийн газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд Зүүн хойд Азийн залуучуудын симпозиумыг анх удаа Монголд зохион байгуулсан нь ихээхэн онцлог үйл явдал юм.
Уг симпозиумоос “Зүүн Хойд Азийн Залуучуудын Улаанбаатарын тунхаглал” баталсан бөгөөд Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Зүүн Хойд Азийн Залуучуудын Зөвлөл” байгуулахаар болжээ. МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүхтэй уг симпозиумын үр дүнгийн талаар ярилцлаа.
-Зүүн хойд Азийн зургаан орны залуучуудын симпозиум манай улсад болж өнгөрлөө. Залуучууд энэхүү симпозиумыг зохион байгуулах үндэслэл, шалтгаан юу байв гэдгээс яриагаа эхэлье?
-Нэг Ази-2015: Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблейг 2015 оны тавдугаар сарын 18-21-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ хүрээнд Зүүн хойд Азийн залуучуудын симпозиумыг Монголын Залуучуудын Холбоо, Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Гадаад харилцааны яам хамтран зохион байгууллаа. Яагаад Ерөнхий Ассамблейн хүрээнд симпозиум зохион байгуулсан бэ гэхээр чухал ач холбогдолтой байлаа. Либерали суртал, олон ургалч үзэл, чөлөөт эдийн засгийн харилцаа зонхилсон дэлхий дахины хувьд Зүүн хойд Ази нь нэгэн эмзэг цэг болж харагдаад байна. Тийм ч учраас энхтайванч яриа хэлэлцээр, эерэг зөөлөн уур амьсгал, иргэн хоорондын зөв ойлголцол нь бүс нутгийг маань бүхэлд нь бүлээрүүлэх, бүс нутгийн харилцааны найрсаг хандлага бий болгоход онцгой үүрэгтэй. Энэ утгаараа Монголын Залуучуудын Холбоо залуучуудын симпозиум зохион байгуулъя гэсэн нь тэргүүлэх санаачилга болсон болов уу гэж үзэж байна.
-Хэдийгээр бүс нутгийн залуучууд нэг дор чуулсан ч шийдвэр гаргах түвшний хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой. Үр дүнг та хэрхэн үнэлэх бол?
-Залуучууд өнөөдөр энэ бүс нутагтаа шийдвэр гаргах түвшинд нөлөө үзүүлэх хэмжээнд оролцож чаддаггүй байж магадгүй. Гэхдээ симпозиумд хүрэлцэн ирсэн залуучуудын хувьд төр засгийн удирдах албан тушаалтнууд, бүс нутагтаа нөлөөлөхүйц хэмжээнд үнэлэгдсэн төлөөлөл байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тэд маргаашийн Зүүн хойд азийн бүс нутгийн шийдвэр гаргагчид болно. Өөрөөр хэлбэл өнөөөдрийн залуус бүс нутгийн ирээдүйн талаар нийтлэг сайхан мөрөөдөлтэй байж чадвал, маргааш гаргах шийдвэр нь тэр зүг рүү, нэгдмэл хандлагаар л гарна шүү дээ. Симпозиумын үеэр бүс нутгийн хэмжээнд залуучуудын хамтын ажиллагаа, эвлэрэл ойлголцлын төлөө санал солилцсон юм. Уг ойлголцлоо нэгтгээд “Зүүн Хойд Азийн Залуучуудын Улаанбаатарын тунхаглал” гаргасан нь томоохон үр дүн байсан гэж бодож байна.
-“Зүүн Хойд Азийн Залуучуудын Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргасан гэлээ. Энэ баримт бичгийн гол зорилго, утга санаа юунд чиглэж байна?
-“Улаанбаатарын тунхаглал” бол залуучуудын мөрөөдөл гэж хэлж болно. Үүнд, бүгдээрээ сайхан нөхөрлөх учиртай энэ бүс нутагт минь дайн мөргөлдөөн, самуун үймээн битгий гараасай. Бүс нутагт маань эдийн засгийн интеграцчилал идэвхтэй өрнөөсэй. Энэ бүс нутгийн хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн харилцаа өргөжөөсэй, шулуухан хэлбэл нэг долгион дээр ойлголцоосой гэсэн залуусын нэгдмэл мөрөөдөл нь Улаанбаатарын тунхаглал юм. Тэр утгаараа симпозиумын маань оролцогчид “Улаанбаатарын тунхаглал”-ыг нэгэн дуугаар зөвшөөрч баталсан.
-Монголын Залуучуудын Холбооны зүгээс “Зүүн хойд Азийн Залуучуудын зөвлөл” байгуулъя гэдэг санаачилга гаргасан гэсэн. Шинэ зөвлөлийн үйл ажиллагаа ямар чиглэлтэй байх юм бэ?
-Асуудлыг зөвхөн тунхаглаглан зарлаад л өнгөрөх бус түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй л дээ. Тэр утгаар нь дээрх үүргийг гүйцэтгэх субьект Зүүн Хойд Азийн Залуучуудын Зөвлөл байгуулах санаачилгыг Монголын Залуучуудын Холбооноос гаргалаа. Зүүн Хойд Азийн Залуучуудын Зөвлөл нь бүс нутгийн хэмжээнд санаачилгадаа үндэслэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгаа хамтран хөгжүүлэх, дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулахын төлөө байгуулагдаж буй байгууллага. Зөвлөлийг Улаанбаатар төвтэйгээр байгуулж буй нь Монгол Улсын Ерөнхий¬лөгч Ц.Элбэгдоржийн зүгээс 2013 оны дөрөвдүгээр сард дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг залуучууд дэмжиж байгаагийн бодит илрэл юм.
-Уг байгууллагыг Монголд байгуулахын ач холбогдол, гол үндэслэл юу вэ?
-Энэ зөвлөлд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд болох Монгол, Хятад, Орос, Япон, БНСУ, БНАСАУ гэсэн зургаан улс л орж байгаа юм. Энэ зургаан улстай гадаад харилцааны хувьд ямар нэг төвөггүйгээр ойлголцдог, дипломатын болон газар нутгийн ямарваа зөрчил маргаангүй цорын ганц улс нь Монгол гэдэг л хамгийн чухал шалгуур.
-Зүүн хойд Азийн залуучуудын зөвлөлийн төв байгууллагыг бид Улаанбаатар хотдоо байгуулна гэдгээ зарлачихлаа. Байгуулчихлаа гэж бодъё, хамгийн эхэнд хийх ажил, зорилт юу вэ?
-Монголд байгуулагдсанаар эдийн засаг аялал жуулчлалын таатай интеграци үүснэ гэж харж байгаа. Зүүн хойд Азийн бүх орныг хамруулсан томоохон хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах боломж ч бүрдэнэ. Энэ утгаараа эдийн засаг, улс төр, иргэд хоорондын харилцаа сайжирна гэж бодож байгаа. Түүнчлэн бүтэн жилдээ аялал жуулчлалын хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, уг бүс нутгийн залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтын бизнес форумууд ч зохион байгуулж болох юм. Ялангуяа Монгол Улс энэ бүс нутагтаа эдийн засгийн болон улстөрийн таатай нөхцөлтэй учраас бүх салбарын хөрөнгө оруулагчдыг цуглуулж уулзах таатай орчин бүрдэнэ гэж найдаж, хүсч байгаа.
- Монголын Залуучуудын Холбооны энэхүү санаачлагыг бусад зургаан орны төлөөлөгчид хэрхэн хүлээн авах бол? Мөн Гадаад хэргийн яамны зүгээс дэмжлэг хэр байгаа вэ?
- Ер нь бол ихэнх улсууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Саяхан болсон Байкал Иркутсикийн чиглэлийн залуучуудын арга хэмжээнд МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Хонгорзул оролцоод ирлээ. Тэр үеэр Госдумын гишүүн, тээврийн асуудал хариуцсан хорооны даргын орлогч С.Ю.Тентэй уулзахдаа уг санаачлагаа таниулцахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн байсан. Гадаад хэргийн яамны дэд сайд Н.Оюундарь Зүүн хойд Азийн улсуудын гадаад харилцааны байгууллага болоод залуучуудын байгууллагаар дамжуулан тодорхой хэмжээний төсвийг энэ салбарт оруулж Зүүн хойд Азийн залуучуудын зөвлөлийн ажлыг цаашид чиглүүлэн явуулахад онцгой үүрэгтэй ажиллана гэдгээ албан ёсоор амласан. Энэ чиглэл рүү гадаад хэргийн яамны дэд сайдын албан бичгүүд явах байх. Харин одоо бид нар идэвхитэй хурдтай ажиллаж санаачлагуудыг маш хурдан ажил хэрэг болгох шаардлагатай байна. Ер нь хэн санаачлаад хэн хүчтэй зүтгүүлж чадсан тэр нь л энэ ажлыг явуулж чадна гэсэн үг. Энэ утгаараа Монголын залуучуудын байгууллага онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
- Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблей амжилттай болж өндөрлөлөө. Харин энэ том арга хэмжээний үр дүн нь хэрхэн тодорхойлогдсон бол?
- Азийн Залуучуудын Асемблей Монголд “Нэг Ази” нэртэй зохион байгуулагдсан нь Монголын Залуучуудын байгууллагын бяр чансааг харуулж буй хэрэг байлаа. Түүнчлэн Монголын залуучуудын байгууллага олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ зохион байгуулах хэмжээнд хүрчээ гэдгийг Дэлхийн Залуучуудын байгууллага өөрөө хүлээн зөвшөөрлөө. Бид дараа дараагийн шалгуур сорилтуудыг залуучуудын байгууллагын төвшинд хийхээс гадна хамгийн гол нь эдгээр уулзалтуудаас хөрөнгө оруулалтыг татах, Монголын сэргэх гэж буй эдийн засагт шинэ цус сэлбэх, шинэ залуу хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Тэр ч утгаараа Залуучуудын ажлын байр нэмэгдэх олон давуу талууд бидэнд бий болж байна гэдгийг манай залуучууд ойлгох байх.
- Ингээд ярихаар танай холбооны гадаад харилцаа, бусад улс орнуудтай хамтын ажиллагаа ямар төвшинд явдгийг сонирхмоор санагдлаа?
- Монголын залуучуудын холбооны гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлсээр байгаа. Бид 2015 онд Азийн болон бусад орнуудад залуучуудын зөвлөл байгуулж, тус улс оронд ажиллаж амьдарч буй Монгол залуусын дуу хоолойг нэгтгэх, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Одоогоор Америк, Хятад, Швед зэрэг оронд 10 гаруй залуучуудын зөвлөл маань байгуулагдаад байна. Түүнчлэн гадаад улс орны залуучуудыг холбож өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ОХУ, БНХАУ, Япон, Герман, Англи, Америк, БНСУ, БНАСАУ, Малайз зэрэг 20 гаруй улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажилладаг. Тиймдээ ч залуучууд руу чиглэсэн олон улсын арга хэмжээнд Монгол залуусаа оролцуулах тал дээр анхаарч ажиллаж байна.
-Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилго тэмүүллийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Танай байгууллагын алс хэтийн зорилго юунд тэмүүлж байгаа бол?
-Энэ дашрамд Монголын Залуучуудын Холбоо бол Монголд үйл ажиллагаа явуулж буй залуусын төлөөх байгууллагуудын гол цөм болж ажиллах том зорилготой. Тэр утгаараа улс төрийн бүх намын дэргэдэх залуучуудын байгууллагын дарга, удирдлагууд нь манай холбоонд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ бол залуучуудын төлөөх бодлого, үйл ажиллагаа маань нэгдмэл байж, нэгэн чигт нягтарч ойлголцож байгаа гэсэн үг. Ер нь, Монголын Залуучуудын Холбоо юу гэж дуугарахыг эрмэлзэж байна вэ гэхээр улстөрийн үл эвлэрэл, талцал хуваагдлын эрин үе одооноос арилаасай гэж хүсч байгаа. Монголын залуучуудын байгууллагууд хамтарч, Монголын Залуучууд сэтгэлгээний хувьд ойртон нягтарч, бодит нөхөрлөл, шинэ хандлага бий болгож чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг юм.
О.Алтансүх: Бүс нутгийн залуус “Улаанбаатарын тунхаглал”-ыг нэгэн дуугаар зөвшөөрч баталсан | ||
Үзсэн: 1674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.