
Манай улсад ховор зүйлийн ургамал ургадаг цорын ганц цэцэрлэгт хүрээлэн бол Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн юм. Сүүлийн үед тус цэцэрлэгт хүрээлэн өнгөө засч нэг үгээр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэдийн амралт зугаалгын бүс болоод байсан юм. Тиймдээ ч Улаанбаатар хотын 2020-2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн 12 хороонд байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг Зүүн бүсийн цэцэрлэгт хүрээлэн буюу хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх “ Мини парк”-аар 34 га газар баталсан байдаг.
Харин тус цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 12 га-г хумслан барилга барих шийдвэрийг нийслэлээс гаргажээ. Цэцэрлэгт хүрээлэн дотор Япон улсын дэмжлэгтэйгээр Анагаах ухааны их сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга баригдах юм байна. Харин үүнийг нь Чулуутын задгай ТББ, Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн, Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутан Залуучуудын нэгдэл ТББ-ууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Учир нь тус байгууллагууд өнгөрсөн хугацаанд цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэж тохижуулах ажлыг хийж ирсэнээс гадна 1800 ширхэг мод тарьж, тоглоомуудыг сэргээн засварлажээ. Иргэдийн чөлөөт цагаа тайван амгалан өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнгийн газраас авч байхаар БЗД-ийн 12-р хорооны дахин төлөвлөлтөнд орсон 164 га газруудад барих боломж бий гэдгийг ч учирлаж байна. Тэдний энэхүү саналыг оршин суугчид дэмжин одоогоор 1300 гаруй иргэн гарын үсгээ зуржээ. Иймд шийдвэр гаргагчдыг дахин гаргасан шийдвэрээ нягталж, барилга барих газрыг өөрчилж өгөхийг хүслээ.



Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газраас хумсалсаар байх уу ... | ||
Үзсэн: 1659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.