Сүүлийн жилүүдэд тив, дэлхий, олимпиос ганзага хоосон ирж үзээгүй манай улсын ширэн бээлийтнүүд өөр хоорондоо таарамжгүй байх болжээ.
Нэгэн цаг үед улс орныхоо нэр хүндийг гадны рингэнд мандуулж явсан Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гадаадад тоглох эрхээ хасуулаад байгаа бололтой. Түүнийг ойрын өдрүүдэд олон улсын чанартай тэмцээнд оролцоогүй, дэвжээнд гараагүй гэдэг үндэслэлээр Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг болон Монголын Боксын Холбооноос ийнхүү гадаад улс оронд болох олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сард Казахстаны улсын нийслэл Алматы хотод болох юм.
Тус тэмцээнд манай улс 7 жинд оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа бөгөөд 64 кг-ийн жинд тулалдах байсан У.Мөнх-Эрдэнийг хасаж оронд нь ОУХМ З.Энхзоригтийг явуулахаар холбогдох газрууд зүтгүүлж байна гэх яриа гадуур жиргэж байна.
Энэ талаар МУГТ У.Мөнх-Эрдэнэ: “Миний хувьд энэ жил ганцхан ОУ-ын тэмцээнд орсон. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Азийн бүх шигшээ багууд орсон. Миний хувьд багаасаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж мөнгөн медаль авсан. Харин нөгөө нэг баг маань оюутны наадамд орсон. Оюутны наадамд Монголын боксын шигшээ, Оросын шигшээ баг хоёр л орсон. Бусад нь жинхнээсээ оюутнууд байсан. Гэтэл медаль аваагүй хүнтэй намайг сорилго хий гэж байгаа байхгүй юу. Энэ жил олон улсын тэмцээнд манай баг олон удаа буюу 10 гаруй удаа явсан. Миний хувьд өөрөө зардлаа олоод тэмцээн уралдаанд явъя гэхээр явуулахгүй байлгаад, гэсэн атлаа өөрсдөө гадаадад бэлтгэл хангаж, явж явж ирчихээд яг бэлтгэлээ тааруулаад л сорилго хийнэ гээд байгаа юм. Хамгийн гол нь бэлтгэл дээр би илүү байдгийг бүгдээрээ мэдэж байж, шударга бус юмнаас шударга юм гаргах гээд сорилго барилдаан хийх гээд байгаа юм. Ийм зүйл байж болохгүй ээ” гэв.
Тэрээр өнөөдөр олон нийтэд хандан “Хэвлэлийн хүрээлэн”-д 14:00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаад байна. Энэхүү хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэлээ.
Харин энэхүү хэвлэлийн бага хурлын тухай сонссон Монголын Боксын Холбооныхон сэтгүүлчдийг тэрхүү хуралд битгий очоорой хэмээн спортын бүх сэтгүүлчид рүү утасдаж байгааг юу гэж ойлгох вэ?
| Шийрэн бээлийтэнг үзэмжээрээ шийддэг болоо юу..? | ||
| Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.