Шууд Chart

Дарханы чиглэлийн замын засвар үндсэндээ дуусчээ

2015-06-30 09:50:42

Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гуравдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын байдлыг шалгасан. Засварыг чанаргүй хийснээс их хэмжээний эвдрэл гарч жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бүрдээд байгаа учир өөрийн хөрөнгөөр дахин засахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гүйцэтгэгч компаниудаас шаардсан юм.

Зам засварын ажил ямар байгаатай МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг 2015.06.26-ны өдөр газар дээр нь танилцлаа.

Зам засварын компаниуд тавдугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орсон байна. Хэдийгээр улсын байцаагчийн дүгнэлт хараахан гараагүй ч засварын ажлын явц урьдчилсан байдлаар 96 хувьд хүрч хөдөлгөөнийг нээжээ. Өмнө нь өгсөн дүгнэлт, албан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажил баталгаажиж, байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллах юм. Зам засч байгаа компаниуд ажилчдынхаа хөдөлмөр, нийгмийн хамгаалал, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг дэд дарга Б.Бат-Эрдэнэ анхаарууллаа.

Улаанбаатар-Дархан, Дархан-Сүхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 1997-1999 онд хэсэгчилсэн их, дунд засвар хийснээс хойш урсгал засвар л хийж байжээ.  Өөрөөр хэлбэл, их засвар хийлгүй 44 жил болж байна.


Дарханы чиглэлийн замын засвар үндсэндээ дуусчээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй