
Эрхэм хүндэт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа,
Нар үдлэж сар тэгширдэг байгалийн зохицол, хур тэтгэж үндэс соёолдог зуны дэлгэр, төр нь өргөж жаргал нь бадардаг Монгол баясал, төр түмний их манлай цэнгэл болсон баяр наадмын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монголын шүүхийн цадиг түүх дундрашгүй билээ. Үг үнэн, шийдвэр мэргэн, ухаан хурц энэ их айлын туулж ирсэн түүхийнх нь орчин цагт хамаарах нэгээхэн хэсэг, тэгш ойн босгон дээр Та бид шүүхийн шинэчлэлийг үр дүнтэй үргэлжлүүлж, төрийн буулга-түмний ёсонд нийцүүлж шударга ёсыг тогтоох үйлдээ багагүй амжилт гарган угтаж буйд хувьдаа баяртай байна.
Бидний үйл хэрэг нь эцэстээ төөрсөн үнэн, төөрөлдсөн ухааныг цэгцэлж, түвшин олон амгалан, төрийн нуруу тэнэгэр, шүүхийн хараа мэргэн байх эрдэм чадалд нэгдэх учиртай. Учир иймийг ургуулж шамдан ажиллаж, шимтэн суралцаж байгаа Та бүхэндээ талархавч баршгүй билээ.
Шударга ёс, хүний эрхийн манаанд ачааны хүндийг үүрч, ажлын голыг эвхэж, хувиршгүй зүтгэлээр нугаршгүй багана нь болсоор ирсэн Та бүхэн минь дэлгэр дэнжийг хотолцтол, дэлгэсэн талыг нумартал бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн, шагай нь цэцтэй сайхан наадаарай.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГ
Мэндчилгээ | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.