Шууд Chart

Монгол түмэн минь сайхан наадаарай

2015-07-11 07:59:31

Өвөг дээдсээс минь үеэс үед уламжлагдан ирсэн үндэсний их баяр наадмын нум эвшээлээ.  Дэлхийн өнцөг булан бүрт агуу их түүхээрээ гайхуулсан  Тулгар төр байгуулагдсаны  2224 жил, Их Монгол улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэндийг Монголын Залуучуудын Холбооны зүгээс өргөн дэвшүүлье.

Монгол наадам бол үндэсний гэх том агуулгыг өөртөө бүрэн шингээсэн үндэсний баяр. Үе үеийн залуучууд бидний хувьд Монголоороо бахархах, төрт ёс, уламжлалаа дээдэлж, түүх шашдир, ахмад буурлуудаа хүндэтгэж, ололт амжилтаараа бахархан цэнгэдэг түүхэн баяруудын нэг билээ. Монголын Залуудын Холбоо Энэ түүхт баяр наадмыг ажлын өрнүүн амжилтаар дүүрэн угтаж байгаадаа баяртай байна.

Бид энэ жил 12 жил завсарласан V Их хурлаа хуралдуулан, МЗХ-ны Их хурлаас дараагийн Их хурлын хооронд ажиллах төлөөллийн байгууллага болох ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ-өө байгуулан 5 Дэд Ерөнхийлөгчөө батламжилж, залууст хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах байнгын  ажиллагаатай 16 хороог байгуулан, баяр наадмын өмнө бүтцийн анхны хурлыг нь хийж үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Бид ийнхүү өргөн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь залуу хүн бүрийн санаачлага, эрэлхийлллийг нэгтгэн зангидаж төрийн шийдвэрт тусгуулан, бодит ажил болгоход чухал нөлөө үзүүлэх юм.

Залуучуудын байгууллага Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн цоо  шинэ түвшинд гаргаж чадлаа.  Үүний тод жишээ нь “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг Монголд анх удаа зохион байгуулсан явдал байлаа. Улс, эх орныхоо ирээдүйг залгамжлан жолоодох, Ази тивийн 600 гаруй залуус манай оронд хүсэл зорилгоороо нэгдэж, Дэлхийн хэмжээнд өгөөжөө өгөх чухал санаачилгуудыг гаргалаа. Энэ нь залуучууд бидний хамтын амжилтаар Монголын Залуучуудын Холбооны нэр дэлхийд тодрон гарч, үүрэг хүлээх дэлхийн хэмжээний байгууллага болж буйн нэгэн нотолгоо хэмээн үзэж байна.

Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, залуучууд та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны хамт олон болон Монголын мянга мянган залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Ингээд нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд морь нь хурдан байж,  Монгол бөхчүүдийн бяр чадал, эрэмгий зориг, эрдэм ухаан хурц байх болтугай. Эх сайхан орны минь өнцөг булан бүрээс хуран чуулж, нэгэн тугийн дор нэгдсэн Монгол түмэн минь сайхан наадаарай.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,
ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АССАМБЛЕЙН
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН МӨНХБАТ


Монгол түмэн минь сайхан наадаарай  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй