Шууд Chart

Барак Обамад Сирид цохилт өгөх 30 хоногийг өгч болзошгүй байна

2013-09-04 12:51:30

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын Конгрессийн Сенатын танхимд Ерөнхийлөгч Обамагийн Сирид цохилт өгөх хүсэлтийг хэлэлцэж, засгийн газрын холбогдох гишүүд, армийн командлалууд Сенатын гишүүдэд Сирийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгийн дараа Сенат дахь Гадаад Харилцаа эрхэлсэн дэд хорооноос Ерөнхийлөгчид Сири улсад цэргийн үйл ажиллагаа явуулах эрх олгох хуулийн төсөл санаачилж, өнөөдөр буюу 9-р сарын 4-ний өдөр хэлэлцүүлэхээр болсон ажээ. Улмаар тус хорооны дарга, Ардчилсан намын гишүүн Роберт Мененедэс  тус хорооны нөлөө бүхий гишүүн, БНН-ын гишүүн Боб Коркертой уулзан, шинэ хуулийн талаар зөвшилцөлд хүрсэн байна.

Өнөөдөр  хэлэлцэж магадгүй байгаа тэрхүү хуулинд Ерөнхийлөгчид Сири улсад цэргийн үйл ажиллагаа явуулахад 30 хоногийн хугацаа олгох, улмаар шаардлагатай үед 30 хүртэл хоногоор сунгаж болох нөхцөлийг тусгаж байгаа ажээ. Мөн тус хуулинд Сири улсад АНУ-ын армийн бие бүрэлдэхүүн буюу явган цэрэг оруулахгүй байх тухай тодорхой заасан байгаа гэнэ.
"Бид хамтдаа Ерөнхийлөгчид Ассадын дэглэм Сирийн ард түмний эсрэг явуулсан хууль бус химийн зэвсэг хэрэглэсэн явдалд хариу өгөхөд шаардлагатай байгаа эрхийг олгох тухай зарчмын тохиролцоонд хүрээд байна. Энэ эрхийн хүрээнд Ерөнхийлөгч хязгаарлагдмал хүрээнд, тогтоосон цаг хугацаанд үйл ажиллагаа явуулах бөгөөд АНУ-ын Армийн бие бүрэлдэхүүн Сири улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн байлдааны үйл ажиллагаанд биечлэн оролцхгүй байх тухай заасан. Бид дотроо тохиролцоонд хүрснээр Ерөнхийлөгчид шаардлагатай байгаа эрхийг олгоход нэг алхам урагшиллаа..." хэмээн Роберт Мененедэс мэдэгдлээ.
Ийнхүү Конгрессийн гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчид Сирид цохилт өгөх хүсэлтийг хүлээн авч бүрэн эрх олгож магадгүй болоод байна.

 

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Барак Обамад Сирид цохилт өгөх 30 хоногийг өгч болзошгүй байна  
Үзсэн: 1516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй