Монголын хамгийн анхны спорт хувцасны үйлдвэр “Monline”-ийн захирал А.Чимэд-Очирын өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн бичлэгийг онцлож байна.
Хувцас яах вэ, элэгдэж урагдаад алга болдог зүйл...
Энэ зураг дээр манай эсгүүрчин эгч уйлаад сууж байгаа нь. Би уул нь ажилчдаа 50-аас 55 насны хүмүүсээр бүрдүүлдэг. Тэднийг хэн ч ажилд авахгуй, тэтгэврийн нас нь дөхөөд байдаг, хийсэн ажилгүй, ажилд орох зараар насаараа ялгаварлагдсан хүмүүс. 50-аас 55 насны хүмүүсийг ажилд авна гэж зар өгөхөд 1000 гаруй хүн залгаж байсан, би 20-н хүн л авч чадсан даа. Ирээдүйд тэтгэвэргүй үлдэх бидний л ах эгч нар ажилдаа үнэнч, махруу сэтгэлтэй, хаа нэг ачаалалтай үед... Нүүрчин мэнчийгээд байна, даралтны эмээ уу, эсвэл та явж амар гэхийг эс тооцвол бүх зүйл ОК хүмүүс.
Cаяхан манайд Хот Төлөвлөлтийн Хүрээлэнгээс 24 ширхэг биеийн тамирын хувцас захиалаад, манай эсгүүрчин эгч маань богино цахилгаантай гэснийг урт цахилгаантай хийчихжээ. Уг нь манай 100 хувийн буруу. Тэдний хүмүүс ихэнхи нь яахав, яахав, энэ асуудалгуй зүгээр, зүгээр гоё болсон байна гээд авахаар боллоо.
Гэтэл захиалга өгсөн хоёр залуу нь юу яриад байгаа юм бэ, захиалга бол захиалга, авахгуй гээд гэдийчихэв ээ. Би хэллээ, миний дүү, манай буруу л даа, гэхдээ энэ цахилгаан тийм их ач холбогдолтой юу, урт байлаа гээд ноцтой зуйл байгаа юy гэж хэлж үзлээ. Нэмэргүй. Сүүлдээ, нөгөө 2 залуу, том биетэй хүний цамц шүүрч авч өмсөөд, нөгөөдүүлдээ том болсон байна гэж байна. Дүү минь өөрийнхөө цамцыг өмсөөд үз ээ гэхээр дуугүй болчих юм. Тэгсээр өөрсдийнхөө хэмжээнд тааруулж хийлгэсэн бэлэн болсон хувцсаа авахаа болиод яваад өгөв өө.
Нэгэнт манай буруу болохоор би дуугүй байлаа. Тэр 2 залуугийн эрх нь хойно. Эсгүүрчин эгч маань, эгчийгээ уучлаарай, зөндөө хувцас буцчихлаа, цалингаараа төлье гээд, би зүгээрээ, дараа нь авах хүмүүс олдоно гээд тайвшруулаад. Эгч нь дүүгийнхээ итгэлийг эвдээд , ажилдаа алдаа гаргалаа...гээд уйлж суугаа нь... Ээдээ ямар сайхан хүмүүс вэ.
Тэр 2 залууг ч магтмаар байна, ямар мундаг зарчимч залуус вэ, төрийн албандаа яг ийм зарчимч байгаарай гэж хүсье. Гологдсон хувцсаа би өмссөн байгаа нь. Хувцас яах вэ, элэгдээд урагдаад алга болдог эд. Гол нь энэ эгч маань хэдэн өдөр хямарсан даа зайлуул. Би онигоо ярьж инээлгэх гэж өчнөөн л юм боллоо шүү дээ.
Хэд хоногийн дараа нэг баг орж ирээд, гоё юм байна гээд бөөн баяр, захиалга гэхгүй амар гээд бүгдий нь аваад явсан. Зүгээр л энэ насны ах эгч нарын ёс жудагийн талаар бичсэн шүү.
Сайн үйлдвэл халдварладаг юм шүү!
| Сайн үйлдэл халдварладаг юм шүү... | ||
| Үзсэн: 1682 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.