
Монголчуудын нэг дутагдалтай тал ч гэх үү, ийм зан чанар ч гэмээр юм уу нэг зүйл бол бие биетэйгээ нэгдэж, нэг үзэл санаа зорилгын дор цугларч, атгасан шагай мэт байж ямарваа нэгэн зүйлийг бүтээж, хэрэгжүүлэхдээ тааруу байдал. Үнэхээр ч анзаараад байхад ийм хандлагууд нийгэмд цөөнгүй ажиглагдаад зогсохгүй, зарим тохиолдолд нэг нэгнээ дээш гаргахгүй, үзэл санааг нь буруушаан муулах зэрэг сөрөг үзэгдэл ч гарч байна.
Гэсэн хэдий ч Монголчууд бүгд тийм биш юм байна, үнэхээр сэтгэлийн дуудлагаараа эвлэлдэн нэгдэж, шударга ёсыг зарчмаа болгож, “ЗАЛУУДАА САЙХАН АМЬДРАХ”-ын төлөө санаа сэтгэл нийлсэн залуус бас байна. Тэд бол Монголын Залуучуудын Холбооныхон.
Монголын Залуучуудын Холбоо-МЗХ гэх энэ нэрийг мэдэхгүй хүн байхгүй ч чухамдаа тэдний эрхэм зорилго, хийж хэрэгжүүлж бүтээж, нийгэмд эерэг дүр зураг, зарчмыг буй болгож байгаа талаар харин бүгдээрээ хараахан мэдэж, ойлгоогүй байх шиг.
2015 оны 8-р сарын 7-9-ний өдөр Монголын Залуучуудын Холбооныхон Төвийн бүсийн чуулга уулзалтаа Эрдэнэт хотод зохион байгуулж, энэ үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, тус байгууллагатай танилцах сайхан завшаан тохиолоо.
8-р сарын 7-ны өглөө Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, ерөнхий нарын бичгийн дарга, газрын дарга, байнгын хороодын дарга тэргүүтэй 20 гаруй залуус Эрдэнэт хот руу хүлгийн жолоо заллаа. Дан залуучуудаас бүрдсэн хөгжилтэй наргиантай хамт олонтой цуг холын замд явахад инээд хөөрөөр цалгиж, зам хурдан явах аж.
Эрдэнэт хот руу очихын өмнө Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны 20 гаруй залуус биднийг Орхон голын гүүрэн дээр угтан авч хамтдаа цааш хөдөллөө. Ийнхүү 19 цагийн орчимд Эрдэнэт хотод очиход Төвийн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулагч Орхон аймгийн Залуучуудын Холбооныхон хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд энэ үед Сэлэнгэ, Булган аймгийн Залуучуудын Холбооныхон ч ирж таарч, бид хамтдаа дурсгалын зураг татуулсан юм.
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн чуулга уулзалтанд Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотын Залуучуудын Холбооны 200 гаруй төлөөлөгч цуглаж, хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн билээ.
Чуулга уулзалт Эрдэнэт хотоос 60 километрт байрлах Янзага зусланд зохион байгуулагдсан бөгөөд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон бусад аймгийн Залуучуудын Холбооны дарга нар албан ёсоор чуулганы үйл ажиллагааг нээж, дараа нь аймаг тус бүр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Сар шинэ, баяр наадам гэх томоохон баяруудыг архигүй тэмдэглэх уриалга, малчдад туслах аян, дугуйн аялал, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулах хандивын тоглолт, сумдууддаа салбар зөвлөл байгуулсан, орон нутгийн залуусын мэдлэг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эрдэнэт хот гэх нэрийг сэргээж, хотын статустайгаар хөгжүүлэх, залуусын баримтлах бодлогын бичиг баримтыг батлуулсан, залуусдаа хандсан тогтоолын төслийг боловсруулсан гэх зэргээр тэдний хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй байлаа.
Ийнхүү бусдынхаа хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсч, туршлага судалсны дараа Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат чуулганы төлөөлөгч нарт зориулж, хоёр цаг орчмын турш маш сонирхолтой илтгэл танилцуулсан юм. “Монголын ард түмэн шударгыг хайж байна. Гэхдээ шударга нэг хүнийг бус нэгдсэн шударгыг хайж байна.
Монголын Залуучуудын Холбооны мөрөөдөл-Залуудаа сайхан амьдрах. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бидэнд үнэн л хэрэгтэй.
Бид бие биенээ хүлээн зөвшөөрч нэгдэх шаардлагатай. Монголын Залуучуудын Холбооныхон бол эвлэлдэн нэгдсэн эрх мэдэлтэй залуус юм. Эрх мэдэл гэдэг нь би өөрөө хэн байх вэ гэдгээ мэдсэн тэр ойлголт. Бидний эвлэлдэн нэгдэх зарчим бол ердөө л шударга байдал, үнэн байх явдал.” хэмээн тэрээр ярьлаа.
2015 оны 3-р сарын 28-нд Монголын Залуучуудын Холбоо 5-р их хурлаа 12 жилийн дараа зохион байгуулж, үндсэн дүрмээ шинэчлэн баталжээ. Үүгээр байгууллагынхаа үндсэн зарчмыг 180 хэм сольсон бөгөөд хамгийн чухал нь шударга бус явдал цэцэглэн хөгжихгүй байхыг уг дүрмээр бүрэн хааж өгсөн байна. Харин одоо үнэн шударгатай эвлэлдэн нэгдсэн МЗХ-ны 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн залуусдаа энэ дүрмийг цэг таслалгүй мөрдүүлэх шаардлагатай байгаа аж.
“Залуучууд бид бүхэн өөрсдийгөө хэзээ ч голж болохгүй! Эерэг өөрчлөлт, залуудаа сайхан амьдрах боломж, бүх гэрэл гэгээг залуус бид хийж чадна. Монголын Залуучуудын Холбооныхонд ийм боломж байна.” гэх залуу хүний урам зоригийг сэргээх, нэгийг бодож хоёрыг тунгаах үгс нь түүний илтгэлийн гол цөм нь байсан юм.
Тус илтгэлийн дараа Монголын Залуучуудын Холбооны стратеги төлөвлөгөөг танилцуулж, аймаг сумын залууст тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, Залуучуудын Холбооны хариуцлагын зөвлөлийн гишүүдэд чиглэл өгөх, бүсийн залуучуудын нэгдсэн зөвлөмж гаргах зэрэг олон үйл ажиллагаа үргэлжилсээр нэг өдрийг өнгөрүүллээ.
Чуулганы хоёр дахь спортын төрөл бүрийн тэмцээн уралдаанаар үргэлжилж, Булган аймгийн залуус шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэд болсон юм. Мөн бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан залуусдаа шагнал урамшуулал гардуулж, цаашид улам ихийг хийж бүтээх итгэл сэтгэлийн ташуур бэлэглэлээ.
Зургаан жилийн турш зохион байгуулагдаагүй Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Залуучуудын Холбоо маш амжилттай гардан зохион байгуулсан бөгөөд Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь чуулганд ихээхэн ач холбогдол өгснийг харуулж байлаа. Цаашид бүсийн чуулганыг жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд ирэх жил Дарханы залуус чуулганыг зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээсэн юм. Мөн Өмнөд бүсийн чуулга уулзалт энэ сарын 14-16-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдана.
Үнэнч шударгыг зарчмаа болгосон залуустай танилцсан нь | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.