
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын чуулган ирэх сард нийслэл хотноо болно. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмуудад тулгуурлан байгуулжээ. Европ, Америк, Азийн 57 улс орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талт яриа хэлэлцээний механизм юм. Тус байгууллагын Парламентын Ассамблейг 1990 онд байгуулж, анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо хийсэн байна.
Манай улс 2004 онд Болгарын нийслэл Софи хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар уулзалтын үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Азийн тав дахь түнш улс болжээ. Харин 2012 оны 12 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр уулзалтаар оролцогч орон буюу бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон байна. Улаанбаатар хотноо болох тус байгууллагын Парламентын Ассамблейн намрын чуулганаар бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн аюулгүй байдал, терроризм хүний наймаатай тэмцэх, эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг буруулах усны менежмент зэрэг сэдвийг хөндөн ярилцах юм.
Бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар ярилцана | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.