
Энэ өдрүүдэд Египетийн Ерөнхийлөгч Абдель ас-Сиси ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, олон улсын терроризмын эсрэг асуудлаар хэлэлцэнэ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Орос энэ чиглэлд хийж байгаа Египет улсын шаргуу хүч чармайлтыг дэмжиж байгаагийн хажуугаар Египет улсын зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт тал бүрээр туслахад бэлэн байгаа аж.
Үүнээс гадна В.Путин, Абдель ас-Сиси нар Ойрхи Дорнод, Хойд Африк, Сири, Ливийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах хэтийн төлөвийн талаар санал солилцоно. Египет бол Ойрхи Дорнод дахь Орос улсын гол түнш бөгөөд худалдаа-эдийн засгийн харилцаа холбоо нь Орос-Египетийн хамтын ажиллагааны тулгуур юм.
Өнгөрсөн 2014 онд л гэхэд хоёр орны хоорондын бараа эргэлт 5.5 тэрбум долларт хүрсэн нь 2013 оныхоос 86 хувь өсчээ. Египетийн Орос руу хийж байгаа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспорт тогтвортойгоор өсөж, өнгөрсөн 2014 онд л гэхэд 500 мянган тонн давсан байна. Мөн эрчим хүчний салбарт, тэр дотроо нефть, хийн салбарт бас тогтвортойгоор өсөхийн зэрэгцээ Орос улс Египетэд атомын эрчим хүчний орчин үеийн шинэ станц барих ажилд идэвхтэй оролцож байна. Хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа юм.
Дашрамд өгүүлэхэд, В.Путин энэ оны хоёрдугаар сарын 9-10-нд Египетэд айлчилж байсан бол Египетийн Ерөнхийлөгч 2014 оны наймдугаар сард, мөн 2015 оны тавдугаар сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Москвад ирж байжээ.
Орос, Египетийн төрийн тэргүүнүүд олон улсын терроризмын эсрэг асуудлаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.