Шууд Chart

“Миний зүүн хөл” буюу амьдрал өөрөө сэдэв...

2015-09-01 14:13:00

Тийм ээ, амьдрал өөрөө сэдэв. Хүний амьдрал элдэв янз. Түүнийг ямар байлгах нь хүн өөрөөс нь хамаарна. Харин төрөхөөсөө өмнө, төрөх үед эсхүл нярай үедээ элдэв хорт бодис, агаарын бохирдол, халдварт өвчин, гэмтэл, хүчилтөрөгчийн дутагдалд орох гэх мэт шалтгааны улмаас тархины саажилт хэмээх эмгэгийн оноштой хүүхдүүд маань чухам амьдралаа яаж бүтээх нь эргэлзээтэй асуудал мэт.

Гэтэл үгүй юм. Учир нь тархины саажилттай хүүхдүүд маань биеийн хөдөлгөөний хувьд л бэрхшээлтэй болохоос ухаан санаа нь эрүүл байдаг. Тэд хоолоо өөрөө идэж чадахгүй, сууж, алхаж чадахгүй, зарим нь ярьж чадахгүй ч бусдыг хайрлана, ойлгоно, бусад шиг амьдрахыг хүснэ, мөрөөднө...

Манай сэргээн засах эмчилгээний “Таны инээмсэглэл” төвийн үйлчлүүлэгчдийн маань багагүй хувийг тархины саажилттай хүүхдүүд эзэлдэг бөгөөд тэднийгээ ирээдүйд ядахнаа бие даан амьдрахад нь туслахыг бид хичээдэг, ойлгодог бас хайрладаг.

Тиймээс бид хүүхдүүддээ болон аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч, дүү нар, бусад бүх хүмүүст зориулж өнгөрсөн жилийн аравдугаар сард МҮОНТ-ээр орчуулан гаргаж байсан “Miramax” студийн бүтээл болох “Миний зүүн хөл” нэртэй уран сайхны киног энэ сарын 4-ний Баасан гарагийн 15.10 цагт дахин гаргуулахаар болсондоо маш их баяртай байна. Энэ бүтээл нь 1989 онд бүтээгдэж, Оскарын хэд хэдэн шагналыг авсан түүхтэй. Энэ киноны агуулга нь бодит хүний тухай бөгөөд олон хүүхэдтэй Ирландын нэгэн гэр бүлд төрсөн нэг хүүхэд нь тархины саажилттай төрдөг тухай юм. Тэрбээр сууж, алхаж, ярьж, өөрөө хооллож чадахгүй ч өөрийн чин хүсэл, тэмүүлэл, ар гэрийнхний хайр, халамж, мэргэжлийн хүмүүсийн дэмжлэгээр босч, бусдын адил амьдардагийг бидэнд харуулна. Тэрбээр хоёр гар, баруун хөл нь саажилттай тул зөвхөн зүүн гараараа ном бичиж, зураг зурж гэр бүлийнхнийхээ амьдралыг сайжруулахыг та үзэх болно.

Бид “Таны инээмсэглэл” төвийнхөө 3 жилийг ойг тохиолдуулан энэхүү киног дахин гаргуулж, бүх хүмүүстээ “бэлэг” барьж байгаа юм. МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд баярлалаа.

Төгсгөлд нь хэлэхэд, тархины саажилттай хүүхдүүд маань өөрчлөгдөж чадна. Гагцхүү таны, бидний ойлгох, дэмжлэг л хэрэгтэй байгаа юм шүү.

Жич: Энэхүү хавсаргасан бичлэг нь ноднин жил телевизээр гарсан болно.

Амьдрал өдөр бүр гайхалтай...

Э.Болорчулуун
 


“Миний зүүн хөл” буюу амьдрал өөрөө сэдэв...  
Үзсэн: 1467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй