
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Зиньпиний урилгаар БНХАУ-д хоёр хоногийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, Путин энэ хоёр хоногт Бээжинд байна, тэрбээр дэлхийн 2-р дайн дууссаны болон Хятадын ард түмэн Японы эсрэг чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Хятадын түншүүд болон бусад орны удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.
В.Путин өнөөдөр Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцянтай уулзаж, хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хэлэлцэнэ. НҮБ, “Их 20”, АТЭС болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хоёр орон харилцааг гүнзгийрүүлэх асуудал хөндөнө.
Тэрбээр маргааш Венесуэл, Лаос, Чехийн ерөнхийлөгч Николас Мадуро, Тюммали Сайнясон, Милош Земан нартай уулзана. Мөн өдөр Ши Зиньпин, Путин нар есдүгээр сарын 3-ны өдөр болох Орос, Хятадын яриа хэлэлцээний үеэр нүүр тулан уулзах юм. Уулзалтын үеэр тэд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, “Торгоны зам” худалдааны коридор байгуулах санаачилгыг урагш ахиулах, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн хүрээнд хамтран ажиллах, энэ оны намар болох “Их 20” болон АТЭС-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажил зэрэг олон чухал асуудал хэлэлцэнэ. Энэхүү яриа хэлэлцээний дүнд хоёр орны хооронд 30-аад баримт бичигт гарын үсэг зурах аж.
В.Путин саяхан Орос, Хятадын харилцааны талаар өгсөн нэг ярилцлагадаа, манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх нь манай орнуудын хөгжлийн стратегид нийцэж байгаа, ингэснээр бид Евроазийн асар том орон зайд үр ашигтай хамтран ажиллаж чадна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
В.Путин БНХАУ-д айлчлал хийнэ | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.