Шууд Chart

Увс аймагт хууль бус алт олборлогчид ихэсчээ

2015-09-02 16:20:11

Увс аймгийн Тариалан сумын нутаг “Гэдэг” хэмээх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын голдрил өөрчилж, алт олборлож эхэлжээ. Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон байна. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан хэдий ч уг гэрээн дээр ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байжээ. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг Тариалан сумын Засаг дарга С.Цолмонд хүргүүлсэн байна. Ашигт малтмалын газраас Тариалан суманд бичил уурхайн зориулалтаар ашиглагдах 35.1 га газрын дүгнэлт ирсэн хэдий ч алт олборлож буй тус газар үүнд багтаагүй аж. Алт олборлогчид лацыг хөндөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Мэргэжлийн хяналтын газраас хууль бус алт олборлогчдын хөндсөн газрын хэмжээ, хохирлыг тодорхойлох, албадан нүүлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандсан байна.

Долоодугаар сарын 17-нд аймгийн Засаг дарга захирамж гарган Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, алт олборлогчдыг шалгаж, хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Гэвч хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улсын байцаагчийн лацыг хөндсөн, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нөхөрлөл, иргэдийг албадан нүүлгүүлэх тухай албан тоотыг наймдугаар сарын 11-нд гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүргүүлээд байгаа аж.

Сумын Засаг дарга, орон нутгийн Цагдаагийн газар уг асуудалд төдийлөн анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас хууль зөрчиж буй энэ үйлдэл үргэлжилсэн хэвээр байна.
 


Увс аймагт хууль бус алт олборлогчид ихэсчээ  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй