
Австри улс тус улсын хилийг давах тусгай журмыг аажим аажмаар цуцлахаар төлөвлөж байна. Ингэснээр Унгараас ирж байгаа хэдэн мянган цагаач, дүрвэгч ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй Австри улсын хилээр нэвтрэх боломжтой болно гэж Холбооны улсын канцлер Вернер Файмен мэдэгдлээ. “Бид сая 12 мянга гаруй дүрвэгчид хүнд үед нь туслалаа. Цаашид бид онц байдлын нөхцөлөөс гарч, хэвийн хэмжээнд үргэлжлүүлэн ажиллах болно” гэж канцлерын мэдэгдэлд өгүүлжээ.
Сая Австри болон Германы эрх баригчид Европын холбоонд үйлчилдэг хууль дүрмийг, тодруулбал, 2013 оны Дублины тохиролцоог зөрчин байж хэдэн мянган цагаачид Австри-Унгарын хилээр давах боломж олгосон. Гэхдээ энэ шийдвэр нэг их удаан үйлчлэхгүй болов уу гэдгийг хоёр орны Засгийн газрын төлөөлөгчид хэлж байна. Цаашид дээрх хоёр улс “Европын холбоонд ирж байгаа цагаач, дүрвэгчид анх тус холбооны хилийг давж орж ирсэн улсдаа бүртгүүлж, орогнол олгох өргөдлөө гаргах ёстой” гэдэг журмыг дагаж мөрдөнө гэдгээ мэдэгдэж байна. Мөн Их Британийн Сангийн яамны сайд Жорж Осборн тус улсад Сирийн дүрвэгчдийг байрлуулахын тулд улсын төсөвт “олон улсын тусламжид зориулан суулгасан” хөрөнгө мөнгөнөөс гаргана гэдгийг хэллээ.
Сайд “Би-Би-Си” агентлагт өгсөн ярилцлагадаа "Их Британи улс дүрвэгчдэд туслахын тулд илүү ихийг хийх ёстой. Дээрээс нь 12 тэрбум фунтстерлингийн төсөв юунд зарцуулагдаж байна гэдгийг сайтар бодох ёстой" гэсэн байна. Ноён Осборн Их Британи улс яг Сирээс ирж байгаа, дайн дажнаас зугтан дүрвэсэн хүмүүст л туслах ёстой гэдгийг хэлсэн ч Нэгдсэн вант улс яг хэдэн хүн хүлээн авах вэ гэдэг асуултад хариулахаас татгалзсан байна.
Унгарын дүрвэгсэд Австри улс руу чөлөөтэй нэвтэрдэг болно | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.