Дорноговь аймагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын бүсийн чуулган боллоо. Манай улс 2006 оноос Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр уул уурхайн компаниуд улсад төлсөн татвар, Засгийн газар хүлээн авсан орлогоо ажлын албанд тайлагнадаг болсон. Харин одоо энэ мэдээллийг иргэн бүрт хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх тухай төрийн байгууллага, ААН, иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцсэн байна. Тодруулбал, 2006 оноос хойш ил тод байдлын тайлан найман удаа гарсан байна.
Эдгээрийг дандаа цаасан маягтаар авч байжээ. Цаасан хэлбэрээр тайлан авахад компаниуд маягтаа дураараа өөрчлөх, гараар бичсэн тоо нь гаргагдахгүй байх, ААН-ийн нэр, бүртгэлийн дугаарыг буруу бичих зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан алдаа их гарч, мэдээллийг нэгтгэхэд хүндрэл үүсдэг байсан аж. Тэгвэл энэ оноос эхлэн цахим системээр тайлан хүлээж авдаг болсноор дээрх хүндрэл багасч байгаа гэлээ. Одоо тайлангаа жилийн эцэст гаргадаг биш төрийн байгууллагын мэдээллийн системд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг хүний оролцоогүйгээр, автоматаар авдаг болгох талаар судалгаа хийж буй юм байна.
Уул уурхайн мэдээллийг ил тод, ойлгомжтой болгосноор төр иргэн ААН-үүд мэдээллээ үнэн зөвөөр нь солилцож чадна. Ингэснээр хамгийн гол нь итгэлцэл бий болно гэж ААН-ийн төлөөлөл хэлж байсан юм.
Бүсийн чуулганы үеэр иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд, Ашигт малтмалын ерөнхий газар, компаниуд гээд тал бүрийн төлөөлөл мэдээллээ солилцож, асуудлаа нээлттэй ярилцлаа. Ингэж ил тод ярьж асуудлын гарц, гаргалгааг хамтдаа шийдсэнээр хөрсөн доорх баялгийг хөгжил, бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө зориулах ач холбогдолтой гэж чуулганд оролцогсод хэлж байна.
| Уул уурхайн бүсийн чуулган болов | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.