Шууд Chart

“Ажилтай, орлоготой монгол залуу” хэлэлцүүлэг боллоо

2015-10-23 15:02:40

2014 оны IV улирлын судалгаагаар манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд эдгээр залуучуудын  ажилгүйдлийн төвшин 16.6 хувьтай байна. Нийт 15-34 насны залуучуудын 24.1 хувь нь буюу 228.5 мянга нь ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна.

Сүүлийн жилүүдэд дипломтой ажилгүйчүүд ихсэж, ажил хайсан, гэртээ суусан, хотын гудамжаар сэлгүүцсэн залуусын тоо борооны дараах мөөг шиг нэмэгдэж байна. Монгол улсын засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа ч энэ үйл ажиллагааг өргөжүүлэх, олон залуучуудыг хамруулах, бодитой тусламж дэмжлэг үзүүлэх нь эдийн засаг агшиж, ажлын байр хомстож байгаа энэ үед чухал асуудал юм.

Тэгвэл МЗХ-ны Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн байнгын хорооны санаачлагаар Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГазрын дарга Ц.Амартөгс, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Хадхүү, ХЭҮСМҮТөвийн дэд захирал Ц.Энхтуяа, Л.Баярсайхан, МЗХ-ны Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийн байнгын хорооны дарга Б.Эрдэнэбат, ХЭҮСМҮТөвийн ХХХЭДГазрын дарга П.Эрдэнэбулган  нар болон Хөдөлмөрийн яам болон харьяа байгууллагууд, Монголын залуучуудын холбооны төлөөлөл мөн ажил олгогч байгууллага, ажил хайгч залуусын төлөөлөл, түүнчлэн Говь-алтай, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгийн 100 гаруй төлөөлөл хамрагдсан юм. Уг хэлэлцүүлгээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, төр, ажил олгогчдын зүгээс баримтлах бодлого, цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох, 2016 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт санал боловсруулж оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийг МЗХ-ны Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн Хорооны дарга Б.Эрдэнэбат удирдаж явуулсан бөгөөд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал”, ХЭҮСМҮТөвийн мэргэжилтэн Н.Нямдаваа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”сэдвээр гол илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон залуус өөрсдийн өмнө тулгамддаг асуудлаа ярьж,  цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд тусгах санал бодлоо хуваалцаж байсан юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа ч энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэх, залуучуудыг олноор хамруулах, бодитой тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулна гэдгээ хэлэлцүүлэг зохион байгуулагчид ч ярьж байлаа.


“Ажилтай, орлоготой монгол залуу” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 2115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй