Шууд Chart

2587.8 тонн бэлэн хоол, 360.2 тонн чипс импортложээ

2015-10-26 14:58:08

Энэ сарын 23-ны өдөр НМХГ-ын ЭИХХ-ээс “Импортын бэлэн гоймон, чипсний хэрэглээ” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд бэлэн хоол, чипс импортлогч нийт 25 аж ахуй нэгж, иргэн, стандарт чанарын хяналтын улсын байцаагчид оролцсон байна.

Сургалтын үеэр Монгол Улсад импортоор орж ирсэн бэлэн гоймон, чипсний хэрэглээ, хаяг шошгоны стандарт, тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах, тээвэрлэх зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцсэн юм. 2015 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар 65 аж ахуй нэгжийн 2587.8 тонн бэлэн хоол, 58 аж ахуйн нэгжийн 360.2 тонн чипс импортлосон тоон мэдээ гарчээ.

Стандарт чанарын хяналтын улсын байцаагчид тухайн бэлэн бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл, шошгон дээрх орц найрлага хэрэглэх заавар, цэвэр бохир жин, тэжээллэг болон илчлэг чанар, технологийн зорилгоор гаргаж авсан хүнсний нэмэлт хэрэглэсэн болон олон улсын Е тэмдэглэгээний код зэрэг мэдээлэлд мөн судалгаа хийсэн байна. Судалгааны гол зорилго нь бэлэн хоол чипсний биологийн үнэт чанарыг тодорхойлох, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг хүргэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал байв.

Сургалтад ШУТИС-ийн Хүнсний инжнерчлэлийн салбарын ахлах багш доктор Э.Энхцэцэг “Бэлэн хоол, чипсний хэрэглээний талаар өгөх зөвлөж”, НМХГ-ын ЭИХХ-ийн Стандарт Чанарын хяналтын улсын ахлах байцаагч А. Нарангэрэл “Импортын чипс, бэлэн хоолны хаяглалт, шошгонд хийсэн судалгаа”-ны талаар, НЭМХ-ийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, их эмч анагаах ухааны доктор Э.Эрдэнэ “Бэлэн хоолны хэрэглээний талаар хэрэглэгчдэд өгөх зөвлөмж”, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Химийн лабораторийн шинжээч Э.Сарнай “Бэлэн хоол чипсэнд хийгдсэн шинжилгээ, сорилтын дүн”-гийн талаар тус тус мэдээлэл хийсэн байна.


2587.8 тонн бэлэн хоол, 360.2 тонн чипс импортложээ   
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй