
НМХГ-ын улсын байцаагчид НОБГ-ын холбогдох байцаагчидтай хамтран “Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.Шалгалтад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд", “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын павилион зэрэг 5 аж ахуйн нэгж, 10 иргэн хамрагдсан байна. Үүнээс гурван аж ахуйн нэгж, хоёр иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байсан нь илэрчээ. Шалгалтын явцад асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж ахуйн нэгж, иргэний нийт 58 шуудай буюу 2900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, хоёр боодол олсон асбест илрүүлэн, ажлын байранд нь лацдан битүүмжилсэн байна.
Манай улс 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 176 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д асбестыг оруулсан байна. 2012 оны байдлаар дэлхийн 55 улсад асбест хэрэглэхийг бүрмөсөн хориглоод байна. Манай улсад 2015 оны байдлаар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр л 10 кг асбест бодис оруулж ирэх албан ёсны зөвшөөрөлтэй аж.
Асбестийн тоос асбесттай ажпын байр, орон сууц, гадаад орчинд тархан улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Асбестийн тоос амьсгалын замаар биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушиг тоосжих өвчин, уушигны хортой хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдар зэрэг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог байна. Хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсөдийн 80-85 хувь нь асбестын тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг аж. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан бөгөөд зарим судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Асбестын тоосонд өртсөнөөс хойш 25-30 жилийн дараа уушигны хавдар илэрдэг бөгөөд нууц үе урттай байдаг байна. Тус бодистой харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсгэх эрсдлийг 20 дахин нэмэгдүүлдэг. Амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиах шинж тэмдэг илэрдэг. Турах, хэвлийгээр өвдөх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, өтгөн хатах, цус өтгөрөх, цус багадах, халуурч чичрүүлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. НМХГ-аас иргэд аж ахуй нэгж байгууллагууд “Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн оруулж ирэх, худалдан борлуулах,түүнчлэн худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна.
Зөвхөн Эрдэнэт үйлдвэр асбест хэрэглэх зөвшөөрөлтэй | ||
Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.