Шууд Chart

“Хүрээ”, “Олонлог”, “ESM” сургуулиудын хүүхдүүд үдийн хоолноосоо хорджээ

2015-11-06 12:54:11

“Хүрээ”, “Олонлог”, “Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох зорилгоор НМХГ-аас ХӨСҮТ-тэй хамтран хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд 3 сургуулиас нийт ахуйн болон ундны усны 5, хоолны 16, хүнсний бүтээгдэхүүний 13 дээж авч шинжилхэд гэдэсний эмгэг үүсгэгч нян илэрсэн байна.

Үүнээс гадна “Олонлог” сургуулийн цайны газар хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хоол үйлдвэрлэл, бэлтгэл, угаалгын хэсэг хамт байрладаг, хүнсний зориулалтын агуулахгүй, үдийн цай, үдийн хоол бүрт технологийн картыг боловсруулж, баталж мөрдүүлээгүй, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй, Үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, мал амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл, дотоод хяналт тавих журам боловсруулаагүй, дотоод хяналт хийж ажилладаггүй зэрэг зөрчилтэй байснаас гадна цайны газрын 2 ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар бичилт хийлгэсэн байжээ.

Харин “Хүрээ” дунд сургуулийн цайны газрын ажлын байр нь зураг төслийн дагуу баригдаагүй, халуун боловсруулалт, угаалга, бэлтгэл, агуулах, ажилчдын хувцас солих хэсэг 1 дор зохион байгуулагдсан. Хоол бүрт жор, технологийн картыг боловсруулан баталж, мөрдөж ажилладаггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоож, бүртгэл хөтлөөгүй, мах болон будаагаа чанаж болгон тасалгааны температурт хонуулсан бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэсэн, түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийн гарал үүсэл, дагалдах бичиг баримт, баталгаажилтгүй, гарал үүслээр нь ангилан хаяглаж хадгалдаггүй, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг тус тусад нь зориулалтын хөргөх төхөөрөмжинд хадгалдаггүй, температурыг хянаж бүртгэл хөтөлдөггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээг графикийн дагуу тогтмол хийдэггүй, бүртгэл хөтлөөгүй, тоног төхөөрөмжийн бүх хэсэгт жигд хүрч цэвэрлэх боломжоор хангагдаагүй, цэвэрлээгүй, хяналт тавьдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн Олон улсын “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулийн цайны газар нь хоол бүрт жор, технологийн картыг боловсруулаагүй, хоолны дээжийг заавар журмын дагуу авдаггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хоол амтлагчууд нь хаяг шошгын зөрчилтэй, зарим нэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтгүй, багш, ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс “Хүрээ”, “Олонлог” , “И-Эс-Эм” сургуулиудын цайны газрын үйл ажиллагааг, Олонлог сургуулийн 1-5 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг, "Мэжик мий"-т ХХК-ний үхрийн аж ахуйн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улсын байцаагчдын хамтарсан актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар тус тус зогсоож, зөрчил гаргасан 3 албан тушаалтанд 6.336.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, барагдуулан ажилласан байна.


“Хүрээ”, “Олонлог”, “ESM” сургуулиудын хүүхдүүд үдийн хоолноосоо хорджээ  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй