Шууд Chart

Арванзургаан настнууд “Иргэний Андгай”-гаа өргөнө

2015-11-11 14:48:18

Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагаас Төрийн ордонд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээ нь 2004 оноос эхлэн зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ жил Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 13 дахь жилдээ болж байна.

Монгол  Улсын иргэн болж, иргэний  үнэмлэхээ  гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид  хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шудрага иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлах юм.

Төрийн ордонд  болох “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд Орон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулна.  2015 оны 11-р сарын 14-ний өдөр болох “Иргэний андгай өргөх ёслол”-д “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Батаа, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа, Б.Отгонтуяа, Л.Сөрөлт болон Aim4R Dance Studio продакшны захирал, бүжигчин Тuuguu нар урилгаар оролцох аж. Мөн Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолд  Монгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс хамтран оролцож байна.


Арванзургаан настнууд “Иргэний Андгай”-гаа өргөнө  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй