
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай билээ.
Энэ оны шагналын эзнээр Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Лхагвасүрэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа, “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Д.Хүрэлхүү нарыг тодруулсан байна. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Төрийн тэргүүний зарлигт “Хүний өөрийнх нь эсийн генийн идэвхийг зохицуулагч хэсгийг удамшлын гаралтай өвчний эмчилгээнд ашигладаг вируст суулгаж, түүний анагаах чадварыг хүний биеийн дотор урт хугацаанд хадгалах шинэ арга зүйг нээж өгсөн “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн,
Монгол оронд өргөн тархсан эмийн ургамлаас хүний шархны эдгэрэлтийг түргэсгэх, түлэнхийн нөхөн төлжилтийг дэмжих, сорвижилтийг багасгах үйлдэлтэй “Калвацин” хэмээх эмийг гарган авч, импортын ижил төрлийн эм бэлдмэлийг орлуулах эдийн засгийн үр ашигтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа,
Британника-Монгол хэлний тайлбар толь, Дэлхийн нэн шинэ атлас болон Шинжлэх ухааны түүхийн нэвтэрхий толь зэрэг танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Доржпаламын Хүрэлхүү нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.
Шилдэг залуу судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв | ||
Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.