"Кока-Кола" компани зул сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Мексикийн Оахака мужийн Михе тосгонд зар сурталчилгааны зураг авалт хийж, нэг минут 25 секундын бичлэг болгон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлсэн байна. Гэвч Мексикийн хүний эрхийн идэвхтнүүд тус бичлэгийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, дорд үзсэн агуулгатай гэж үзэн тус компанийг уугуул иргэдээс уучлал хүсэж, зар сурталчилгааг нэн даруй татаж авахыг шаарджээ.
Энэхүү зар сурталчилгаанд цагаан арьст залуус Оахакагийн Михе тосгонд ирж, нутгийн уугуул иргэдтэй хамт авчирсан кола ундаагаа ууж, зул сарын мод засаж байгааг дүрсэлсэн байна. Гэвч энэ нь нутгийн уугуул иргэдийг орчин үеийн хэрэглээ, нийгмийн амьдралаас тасарсан мэтээр харуулсан тул Засгийн газрын зүгээс "Кока-Кола" компанид хориг арга хэмжээ авах ёстой гэж зар сурталчилгааг эсэргүүцэгчид үзжээ.
"Кока-Кола" компани энэхүү шаардлагыг хүлээн авч нутгийн иргэдээс уучлал хүссэн байна. Гэхдээ энэ зар сурталчилгаа нь ялгаварлан гадуурхалт, дорд үзсэн үзэл санааг агуулаагүй, харин ч эв нэгдэл, баяр баяслыг нийтэд түгээх тухай агуулгатай байсан хэмээн тайлбар өгчээ.
Мексик улсад зар сурталчилгаатай холбоотой маргаан өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан удаатай. Тухайлбал, 2013 онд Аеромехико онгоцны компани зар сурталчилгаандаа зөвхөн цагаан арьст жүжигчид урьж тоглуулснаас үүдэж мөн адил нутгийн уугуул иргэдээс уучлал хүсч байсан юм.
| "Кока-Кола" компани Мексикийн уугуул иргэдээс уучлал хүслээ | ||
| Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.