Шууд Chart

Афинд жагсагчид, цагдаа нар мөргөлдөв

2015-12-07 12:32:41

Өчигдөр Грекийн нийслэл Афин хотноо долоон жилийн өмнө цагдаа нарын гарт амь үрэгдсэн хүүгийн дурсгалыг хүндэтгэх жагсаал болжээ. Тайван эхэлсэн энэ жагсаал дундуур байдал хурцдаж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.

2008 оны 12 дугаар сарын 6-нд 15 настай Александрос Григоропулос хоёр цагдаад буудуулан, амиа алджээ. Эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл нэмэгдээд байсан хямралын цаг үетэй давхацсан энэ хэрэг явдал олон мянган хүн гудамж талбайд гарч, жагсаал тэмцэл өдөөхөд хүргэсэн юм. Энэ онд ч Грекчүүд Александрос Григоропулосын дурсгалыг хүндэтгэхээ мартсангүй, Афин хотод дахин жагсаал зохион байгуулсан байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр Афин хотод амгалан тайван байдал сахиулахаар зургаан мянган цагдаа дайчилснаас гадна, нэг нисдэг тэрэг хотын дээгүүр эргүүл хийсэн байна.

Харуул хамгаалалт чанга байсан ч гэлээ жагсаалын төгсгөлд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Улмаар үймээнийг намжаахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна. Жагсагчид цагдаа нар руу чулуу болон шатаагч шингэнтэй лонх шидэж байсан талаар хэрэг явдлыг нүдээр үзсэн хүмүүс ярьж байгаа юм. Цагдаа нарын мэдээлж байгаагаар үймээний үеэр наад зах нь 18 хүн баривчлагдсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Афинд жагсагчид, цагдаа нар мөргөлдөв  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй