
Турк улс Ирак дахь "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байдаг Мосул хот руу дахин цэрэг илгээхгүй гэдгээ мэдэгдлээ. Тус улс Мосул хотыг эргүүлэн хяналтандаа авахад нь Иракийн Засгийн газрын цэргүүдийг сургаж, дэмжлэг үзүүлнэ гэх нэрээр өнгөрсөн пүрэв гарагт Иракт олон зуун цэргээ оруулсан юм.
Харин энэ явдалд Ирак эсэргүүцлээ илэрхийлж, эдгээр цэргээ 48 цагийн дотор эргүүлэн татахгүй бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандана гэж анхааруулсан. Урьдчилж мэдэгдэн, зөвшөөрөл авалгүйгээр ийнхүү нутаг дэвсгэрт нь цэрэг оруулсан явдал нь Иракийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлсэн хэрэг гэж үзэж байна гэдгээ Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгдээд байна.
Харин Туркийн тал Иракийн энэ байр суурийг харгалзан, Багдад зөвшөөртөл тус улсын нутагт нэмэлт цэрэг илгээхгүй байхаар шийдвэрлэжээ. Гэхдээ одоогийн явуулсан цэргээ эргүүлэн татах хүсэлтийг нь хүлээн аваагүй байна. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглугаас Иракийн Ерөнхий сайдад хаягласан захидалд энэ тухай мэдэгдсэн бөгөөд Ирак руу илгээсэн цэрэг нь Туркээс тус улсад өмнө нь байршуулсан цэргийн зөвлөх, сургагч нарыг хамгаалах үүрэг даалгавартай явааг тайлбарласан байна. Иракийн эрх баригчид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэхэд нааштай ханддаг ч гэлээ гадаадын улс орнууд нутаг дэвсгэрт нь цэргээ оруулахын эсрэг байр суурь баримталдаг юм.
Турк Ирак руу дахин цэрэг илгээхгүй гэв | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.