
Европын холбооны дотоод хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцсэн өөр нэг гол асуудал нь террорист бүлэглэлд элссэн иргэд Европт эргэн ирэх боломжийг хязгаарлах, тэдний хөдөлгөөнийг хянах тухай юм. Энэ хүрээнд Европ руу ирэх, буцах нислэгээр зорчигчдын мэдээллийг мөрдлөг шалгалтандаа ашиглах эрхийг Европын холбооны гишүүн орнуудын цагдаа нарт олгохоор болсон байна.
“Зорчигчдын нэрсийн бүртгэлийн гэрээ” гэх энэ тухай гэрээг баталснаар террорист халдлага үйлдсэн, үйлдэж болзошгүй сэжигтнийг хайж байгаа цагдаа нар иргэний агаарын тээврээр зорчсон иргэдийн нэр, зээлийн карт, хувийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй боллоо. Энэ тухай төсөл өмнө нь 2011 онд Европын холбооны парламентад өргөн баригдсан ч, хувь хүний нууцад халдана гэх шалтгаанаар олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Харин энэ удаад Парисын халдлагаас үүдэлтэйгээр Европын холбооны гишүүн орнууд энэ бүртгэлийг ашиглах нь террорист ажиллагаанаас сэргийлэхэд том хувь нэмэр болно гэж үзэж, гэрээг байгуулсан байна. Тус гэрээний дагуу зорчигчийн хувийн мэдээллийг тухайн зорчигч агаарын тээврээр үйлчлүүлснээс хойш таван жилийн хугацаанд хадгална.
Гэхдээ зургаан сарын дараа нэр, хаяг, зээлийн картын мэдээллийг нь нууцалж, зөвхөн шүүхийн шийдвэрээр цагдаа нарт гаргаж өгөх юм. Энэ гэрээг Европын холбооны парламент ирэх оны эхээр албан ёсоор соёрхон батлахаар төлөвлөж байна. Харин ирэх долоо хоногт Европын холбооны улс орнууд гэрээг парламентаараа соёрхон батлуулж, дараа нь хоёр жилийн дотор багтаан зорчигчдын бүртгэлийн баазыг үүсгэх юм байна.
Террористуудыг илрүүлэхэд агаарын тээврээр зорчигчдын мэдээллийг ашиглана | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.