Шууд Chart

Австрали шинжлэх ухаан, инновацийг дэмжинэ

2015-12-07 17:17:33

Австрали улсад уул уурхайн салбарын хурдацтай өсөлт сүүлийн жилүүдэд удааширч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус улсын Засгийн газар эдийн засгийн бүтэцдээ шинэчлэл хийх 1.1 тэрбум австрали доллар буюу 801 сая америк долларын өртөг бүхий 24 арга алхам төлөвлөгөөг танилцуулжээ.

“Үндэсний инноваци, шинжлэх ухааны хөтөлбөр” гэх энэ төлөвлөгөөнд багтсан арга алхмын дийлэнх нь шинэ санаа бүхий бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн байгааг ажиглагчид онцолж байна. Тухайлбал, Австралид хийсэн судалгаан дээр суурилан бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгаа компаниудад зориулан 140 гаруй сая америк долларын хөрөнгө оруулалтын сан байгуулсны зэрэгцээ, квантын тооцооллыг хөгжүүлэхэд 19 сая америк доллар, инженерчлэл, шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэйчүүд ажиллах бололцоог нэмэгдүүлэхэд зориулан есөн сая америк доллар зарцуулахаар болжээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд 72 сая америк долларыг хүн амынхаа цахим орчны талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, шинжлэх ухаан, инженер, математикийн чадварыг хөгжүүлэхэд зориулах юм байна. Ингэснээр дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд програмчлалын анхан шатны мэдлэг олгож эхлэх юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Австрали улс уул уурхайд суурилсан эдийн засгаа хэтдээ шинэ санаа, нээлтэд түшиглэсэн болгож өөрчлөхөөр зорьж буй юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австрали шинжлэх ухаан, инновацийг дэмжинэ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй