
Цахим сүлжээнд нийтэлсэн зураг, бичсэн сэтгэгдэл олшрохын хэрээр тэдгээрийг хадгалах зориулалттай өгөгдлийн төвүүдийг дэлхийн олон оронд нэмж барьсаар байна. Харин Фэйсбүүк групп энэ мэт үр ашиг муутай олон төв байгуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулахаас зайлсхийх нэг арга сэджээ.
Энэ нь тус группээс сэрүүн уур амьсгалтай Швед улсад байгуулсан, дан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өгөгдөл хадгалах өндөр үр ашиг бүхий шинэ байгууламж юм. АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна байгуулсан Фэйсбүүк компанийн анхны өгөгдөл хадгалах энэ төв нь газар доорх 30 мянган шоо дөрвөлжин метр талбай бүхий аварга том өрөөтэй юм байна. Энэ өрөөнд байрлуулсан олон эгнээ өгөгдлийн серверүүд фэйсбүүк цахим сүлжээн дэх бүх мэдээллийг багтаан хадгалах хүчин чадалтай.
2011 онд ашиглалтад орсон энэ аварга байгууламж дээр нэмж Фэйсбүүк групп Шведэд дахин нэг өгөгдөл хадгалах төв байгуулж байгаа юм. ГринПийс олон улсын байгууллагын 2011 онд гаргасан тайлан мэдээнд дурдсанаар мэдээлэл хадгалах бүх цахим системийг нэг улс гэж үзвэл энэ улс эрчим хүчний нийт хэрэглээгээрээ дэлхийд тавдугаар байрт бичигдэнэ гэж тооцоолжээ. Ийм учраас байгальд ээлтэй энэ мэт шинэ технологи ашигласан төв байгуулах санаачилга уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тун чухал байгаа юм.
Фэйсбүүк Шведэд өгөгдөл хадгалах төвөө нээжээ | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.