Шууд Chart

Буруу бодлыг өөрчилсөн зураг

2015-12-07 17:28:10

Энэ зургийг би 2009 онд ХБНГУ-ын Шверин гэдэг жижигхэн хотод авсан юм. Жилдээ ганцхан удаа болдог Германы хамгийн том цэцгийн үзэсгэлэн үзэж таарав. Үзэсгэлэнгийн үеэр авсан зурагнуудаа дараа нь үзэж байтал энэ зураг миний анхаарлыг маш их татсан юм. Үзэгчид, аялагчдын олонх нь өндөр настай хүмүүс байгааг та ч бас харж байна...

Энэ зургийг анзаарахаасаа өмнө би олон, олон хүний адил залуудаа аль болох их ажиллаж, их мөнгө цуглуулаад насныхаа эцэст сайхан аялна гэж боддог байсан юм. Тэр бодол минь энэ өдрөөс хойш эрс өөрчлөгдсөн. Зарим нэг маань хөгширч өтлөхөөсөө өмнө энэ хорвоогоос явдаг нь хатуу боловч үнэн. Хөгширч доройтсон хойноо аялаад ч насаараа хүсэн хүлээсэн тэр мэдрэмжээ олж авч чадахгүй юм байна гэдгийг би ойлгосон юм. Эдгээр хөгшчүүлийн нүдэнд үзэж харж байгаа зүйлээсээ авч байгаа баяр хөөр, таашаал надад ажиглагдаагүй. Өтөлсөн хойно аяллын зам, холын нислэгт ядарна, захиалсан буудлынхаа кинг сайз орон дээр хайрттайгаа залуугийнх шигээ жаргаж хонохгүй, далайн эрэгт очлоо гэхэд залуу насны гоёл сайхан бие галбир нь нэгэнт үгүй болж, хайртай бүсгүйгээ гар дээрээ өргөөд ус руу гүйж орох тэнхэл ч байхгүй болсон байх юм байна лээ.

Дэлгүүр хэсч гоё ганган хувцас авч өмсөх ч хүсэл сонирхол тэр үед бас л үгүй болсон байна биз ээ. Олон, олон мөрөөдлөө биелүүлж чадахгүй бид насны эрхээр ядарч туйлдана. Тийм болохоор дараа, хожим, их мөнгө цуглуулаад гэж хойш тавих огт хэрэггүй ээ. Зөвхөн гадаадад биш, Монголдоо аялцгаа. Хөгширсөн хойноо биш залуудаа, их мөнгөтэй биш ч одоо л аялцгаая. Мэдээж маргаашаа бид бодох ч өнөөдрөөрөө амьдарцгаая. Энэ зураг буруу бодлыг минь ингэж л өөрчилсөн юм шүү дээ.

Via Ганболд Гонгоржав


Буруу бодлыг өөрчилсөн зураг  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.103.xxx [180.149.103.xxx] 2015-12-10 17:17
тэгье, хамт явья

Бидэнтэй нэгдээрэй